“Шаргалжуут опен-2016” аваргуудаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-09 22:22:34

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, Шатрын спортын Их мастер Цэгмидийн Батчулууны нэрэмжит “Шаргалжуут опен-2016” тэмцээн Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, сувилалд энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Улсын шилдэг шатарчдыг нэг дор цуглуулж чадсан  “Шаргалжуут опен-2016” тэмцээнийг Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Шатрын холбоо, Шатрын их мастер Ц.Батчулууны төрсөн нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ, Шаргалжуут рашаан сувилал хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээнд спортын мастер, түүнээс дээш зэрэг цолтой монголын шатрын спортыг өнгөлж буй 42 тамирчин оролцож 65 өрөг нүүжээ. Тамирчдын дунд Монгол Улсын найман удаагийн аварга, МУГТ Б.Алтанбаатар, Их мастер Б.Гүндаваа нарын улсын шилдэг шатарчид багтсан аж.

Үндсэн буюу сонгодог төрлийн тэмцээнд 42 тамирчин Швейцарь системээр долоон өрөг тоглоход Сүлд спорт хорооны тамирчин, спортын мастер С.Билгүүн түрүүлж, ТЕГ-ын Илч спорт хорооны тамирчин, FIDE мастер У.Насанжаргал удаалж, МОНГЕН клубын шатрын багш, дэд мастер Амгаланбаатар гуравдугаар байрт оржээ. Мөн МОНГЕН клубын тамирчин, спортын мастер Галмандах, Өвөрхангай аймгийн тамирчин, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гүндаваа нар дараах байруудыг эзэлсэн байна.

Тэмцээний үеэр блиц тоглолтыг зохион байгуулжээ. Нийт 24 тамирчин Швейцарь системээр есөн өрөг тоглож, дүнгээ гаргахад есөн өргнөөс долоон оноотой их мастер Хатанбаатар тэргүүлж, их мастер Гүндаваа, ОУ-ын мастер Мөнхгал, FIDE мастер Гүнбаяр нар удаалжээ.

Тэмцээний гурав дахь өдөр Баянхонгор болон Өвөрхангай аймгийн шилдэг шатарчдын тав дахь удаагийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан байна. Хоёр төлөөс арав, арван шатарчид тус бүр дөрвөн өрөг тоглож, хожлын тоогоор аваргаа шалгаруулдаг аж. Эл нөхөрсөг тэмцээнийг өмнө нь дөрвөн удаа зохион байгуулж, гуравт нь Баянхонгор аймгийн баг, тамирчид түрүүлж байжээ. Тус хоёр аймгаас Монгол Улсын шатрын спортын энэ цагийн шилдгүүд төрөн гарсан байдаг байна. Тэгвэл Монгол Улсын шатарчид дэлхийн чансаагаар 180 гаруй орноос эхний 50-д эрэмбэлэгдээд байгаа аж.

Сонирхуулахад, Ц.Батчулуун Монгол Улсын шатрын түүхэнд төрөн гарсан гурав дахь их мастер. Өөрийн оюун ухаан, уйгагүй хөдөлмөрийнхөө хүчээр дэлхий дээрх 1000 хүрэхгүй цөөхөн шатарчдын нэг болж чадсан байна. Шатрын их мастер Ц.Батчулуун өмнө нь Монголын бүх ард түмний сфартикатын аварга, Монголын Улсын гурван удаагийн аварга, өсвөрийн шатарчдын зургаан удаагийн аварга, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн болж байжээ. Улсынхаа болон Олон улсын шилдэг шатарчдыг нэг дор цуглуулсан тэмцээн, уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

                                                                                                                            Б.Мөнхзул

Related news