Ахмад гуталчин салбарын тэргүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-09 21:43:46

“Захиалга ихтэй учраас сул цаг ер гардаггүй, зөвхөн үдийн цайны завсарлагаараа л түр амсхийдэг байлаа” хэмээн ярих ахмад гуталчин эмэгтэй салбарын тэргүүний тэмдгээ энгэртээ заллаа.

Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллага үүсэн хөгжсөний 85 жилийн ойг Сэлэнгэ аймагт өргөн тэмдэглэлээ.

Баярын энэ өдрөө 17 настайгаасаа эхлэн 20 гаруй жил зөвхөн гоёлын гуталчнаар ажилласан Б.Нэмэхсүрэн Монгол улсын Засгийн газрын шагнал "Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулсан юм. Тэрээр НААҮЯ-ны дэргэдэх ТМС-ийг эмэгтэй гуталчин мэргэжлээр төгсчээ. Тухайн үед аймгуудын Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатын дэргэд гуталчин, үсчин, зурагчин, оёдолчин гээд ахуйн хэрэгцээний бүхий л үйл ажиллагаанууд явагддаг байсан байна. Гутлын цехэд төрөл бүрийн гутал хийдэг байсан аж. Шагналын эзэн Б.Нэмэхсүрэн өндөр өсгийтэй, нам өсгийтэй гээд гоёлын бүх төрлийн гуталнуудыг хийдэг байжээ. Тухайн үед өндөр өсгийг ширээр тавьж, точилд барьж хийгээд дараа нь өнгөлж буддаг байсан гэнэ. “Ширээр тийм өндөр өсгийтэй гутал хийсэн гэж хүн мэддэггүй. Модоор хийдэг юм уу, яадаг вэ гэж их асуудаг байлаа” гэж гуталчин бүсгүй ярьсан юм. Тухайн үед гутлын оёдолчин гэж тусдаа мэргэжил эзэмшин төгсдөг байжээ.

Шинэхэн тэргүүн энгэрт нь гялалзах ахмад гуталчин маань “Бид гутлаа захиалгаар хийдэг байлаа. Ямар загвартай хийх, хичнээн см өндөр өсгийтэй байхыг тухайн захиалагч өөрөө сонгодог байв. Гутлын оёдолчин хүн өдөрт нэг хос өндөр өсгийтэй гоёлын гутал, нэг хос хэв хийж хэвлэж байж нормтой байсан. Бидний хийж буй гутал загвар хийцээсээ шалтгаалаад нэг хос гутал 120-180 төгрөгөөр гардаг байсан. Гуталд орж буй материал болох шавром, хормноосоо шалтгаалан үнэ нь өөр байлаа. Өндөр өсгийтэй гутлын хажуугаар эмэгтэй нам өсгийтэй гутал, эрэгтэй гутал, өвлийн гутал гээд бүх төрлийн гутал хийж байлаа. Тухайн үед надаар Сэлэнгэ аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Ш.Хасбазар, Аймгийн АДХГЗ-ны дарга н.Цэрэндаваа нар хромон гутал, өвлийн дулаан гутал захиалгаар хийлгэж байсан. Түүнчлэн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжигчдийн гутлыг ч хийдэг байсан” хэмээн дурсан ярилаа. Эдний хийсэн гутлын материал чанартай, чийг даах чадвартай, бөх байжээ. Түүний энгэрт Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд гялалзаж байлаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news