Каннын кино наадмын дээд шагналыг "Анора" кино хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-26 12:43:12

КАНН, 2024 оны тавдугаар сарын 26 /Forbes/. Америкийн найруулагч Шон Бэйкерийн бүтээл "Анора" кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод" шагналыг бямба гарагт  хүртлээ. Уг кинонд Оросын олигархын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон Бруклин хотын бүжигчин бүсгүйн тухай өгүүлдэг ажээ. 


Энэ жилийн шагналтнуудыг тодруулсан есөн хүний ​​бүрэлдэхүүнтэй шүүгчдийг өнгөрсөн жил дэлхий даяар хит болсон "Барби" киног бүтээсэн Америкийн кино найруулагч Грета Гервиг ахалж, Испанийн найруулагч Хуан Байона, Америкийн жүжигчин Лили Гладстон нар багтжээ.


Харин "Гран-При" шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Энэтхэгийн кино найруулагч Паял Кападиагийн “All We Imagine As Light” кино хүртлээ.


Энэ жилийн наадмын бусад томоохон шагналын эздийг дурдвал, Португалын найруулагч Мигел Гомес “Grand Tour” киногоороо "Шилдэг найруулагч"-аар шалгарсан бол Америкийн жүжигчин Жесси Племонс “Kinds of Kindness” кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг, харин “Emilia Perez” киноны эмэгтэй жүжигчид болох Адриана Паз, Зои Салдана, Карла Софиа Гаскон, Селена Гомез нар хамтдаа "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг хүртжээ. 


Каннын кино наадмыг шүүгчид мөн Ираны нийгмийг шүүмжилсэн кино бүтээснийхээ улмаас Иранд найман жилийн хорих ял сонссон Ираны найруулагч Мохаммад Расулофын бүтээсэн “The Seed of the Sacred Fig” кинонд тусгай шагнал хүртээсэн байна. 


Дээд шагнал хүртсэн "Анора" киног дэлгэцнээ гаргах эрхийг Америкийн "Неон" кино компани өнгөрсөн жил авсан бөгөөд энэ оны сүүлчээр кинотеатруудаар гарах төлөвтэй байна.


Каннын кино наадам нь кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй ёслолуудын нэг бөгөөд "Алтан дал мод" нь томоохон кино наадмуудын шагналын эздийг урьдаас таамагладаг гэдгээрээ алдартай. Тухайлбал, 2023 оны Каннын наадмаас шагнал хүртсэн бүтээлүүд Оскарын наадмын 26 номинацид нэр дэвшиж, гурван шагнал хүртсэн байна. Гэсэн хэдий ч "Алтан дал мод" болон Оскарын "Шилдэг кино" шагналын аль алиныг хоёрхон кино хүртсэн байдаг нь 1955 оны "Marty", 2019 оны Солонгосын "Шимэгч" кинонууд юм. 

Related news