Мод тарих өдрөөр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид нөхөн тарилт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-06 14:32:06

“Бүх нийтээр мод тарих аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод "Модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа" энэ сарын 07, 08-ны өдрүүдэд зүүн бүсийн "Эвт" худалдааны төвийн гадна талбайд болно.

Тус үзэсгэлэнд Биндэр Ой, Батширээт сумдын ойн анги, нөхөрлөлүүд оролцож, нэрэс шинэс улиас хайлаас, тэхийн шээг, нохойн хошуу, далий ягаан зэрэг модны тарьц суулгац худалдаалах юм.

2016 оны намрын мод тарилтаар Хэнтий аймгийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд нөхөн тарилт хийх зорилготой байгаа юм. Одоогийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд нийт 95 байгууллага мод тарих хуваарь гаргаад байна.

Хэнтий аймгийн хувьд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нь дээрх хуулийн журамт үүргийг жил бүр хангалттай сайн биелүүлж ирсэн бөгөөд 2015 оны ажлын үр дүнгээр улсад 2-р байр эзэлж байсан юм.

Манай орны хувьд намрын улиралд ургамал тайван байдалд ордог бөгөөд энэ үед нь тарьвал өвөлдөө шинэ суулгасан хөрсөндөө дасан зохицож хавар илүү сайн ургадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих өдрийг зарлах тухай" 2016 оны 63 дугаар зарлигийн дагуу Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/38 дугаар тушаалаар "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг 2016 оны 10 дугаар сарын 08-нд улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй модыг жил бүрийн 5 болон 10 дугаар сард багтаан тарьж, 6-10 дугаар сард арчлан ургуулах үүрэгтэй байдаг.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

 

Related news