Баялгаа эрсдэлгүй удирдах шинэ оролдлого

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2024-05-07 10:41:14

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс байгалийн баялгийнхаа өгөөж ашгийг үрэн таран хийлгүйгээр үнэ цэнтэй болгох Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болоод удаагүй байна. Монголчууд өөрийн баялгийг үнэд хүргэж, байгалийн баялгаа хууль ёсны дагуу засаглах эрхээ дархалсан хуулиа ийнхүү хүлээлтээс гарган баталж чадлаа.


Одоо бидэнд энэ хуулиа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, үндсэн хөрөнгө буюу баялгаа зөв засаглаж удирдах чадамж бүхий төлөвшиж туршлагажсан байгууллага зайлшгүй хэрэгтэй. Тийм байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлж чадсан эсэхээ энэ цаг үед эргэж харах нь зүй ёсных  юм. Ийн нягтлахын учир юу гэвэл баялгаас хөрөнгө босгож, босгосон хөрөнгөө эрсдэлгүй байлгах гэдэг нь тийм ч амар зүйл биш гэдгийг өнгөрсөн түүх бидэнд харуулсан. Зүйл бүрийн эрдэнэ, баялаг байвч түүнийгээ зөв удирдана гэдэг нь санаснаас хүчир хэрэг гэдгийг монголчууд бэлхнээ харж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгийн удирдлагын компани амжилттай сайн ажилласан түүх байхгүйн дээр баялгаа үр ашигт хүргэх гэж хууль баталж ч үзсэн. Гэвч хөрөнгөтэй байх амар, харин хөрөнгийг зөв удирдан засаглах нь хамгийн хүнд үүрэг байдаг аж.


Өнгөрсөн түүхээс товчилбол, манайх баялгаа зөв зүйтэй зарцуулахын тулд 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, анхны баялгийн санг байгуулсан байдаг. Уг санд ашигт малтмалын орлогоос тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийгээ өсгөн нэмэгдүүлэх, иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой байсан боловч эцэстээ энэ сангийн өр 450 тэрбумд хүрснээр Хүний хөгжлийн сангийн хуулийг 2016 онд хүчингүй болгосон юм. Орлого бүрдүүлж чадаагүй, бэлэн мөнгө тарааж асар их зарлагатай байсан нь сангийн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн. Ингээд "Ирээдүйн өв сан"-гийн хуулийг 2016 онд баталж баялгийн өгөөжөө Ирээдүйн өв санд хадгалж эхэлсэн ч тухайн хууль нь олон улсын суурь зарчимд нийцдэггүй гэх мэт учир дутагдал байв.  Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, төрийн өмчийн уул уурхайн ашигт матмалын ногдол ашгийн дийлэнх нь төвлөрч байсан бөгөөд 2030 он хүртэл зарцуулагдахгүй гэж хуульчлагдсан боловч хүүхдийн мөнгө олгоход зарцуулах болсон байдаг.


Тэгвэл өнөөдөр Монгол Улс олон жилийн алдаа оноон дээрээ дүгнэлт хийж, баялгийн өгөөжийг үр ашигт хүргэх хамгийн боломжит хувилбарыг шингээж боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуультай боллоо. 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ба стратегийн ордын дийлэнх ашиг нь ард түмэнд ногдох тухай агуулга шинэ хуулиар илүү тодорхой болж хуульчлагдаж байгаа юм. Одоо монголчууд хууль ёсныхоо өгөөжийг хүртэхээр хүлээж байна. Харин энэхүү хүлээлтийг биелэл болгох байгууллага нь төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” нэгдэл. 

 Монголын эдийн засгийг тулж түшиж явдаг уул уурхайн салбарыг хүчирхэг, чадварлаг удирдлагад зангидах шаардлага эртнээс байсан. Энэ шаардлагад нийцэн ухаалаг засаглал, зөв менежментийг хэрэгжүүлж, Монголын баялгийг өгөөжөө бүрэн дүүрэн өгдөг баялаг болгохын тулд “Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулсан. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж чадахуйц, өрсөлдөх чадвартай, үнэ цэнтэй, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, хувьцаа эзэмшигч иргэддээ бодит үр ашгийг хүртээж чаддаг компани болох нь нэгдлийн гол зорилго болж байна.


Манай улс баялгаа зөв удирдана, үр өгөөжтэй болгоно гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийг 17 жилийн өмнө байгуулсан түүхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ордуудаа ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд тус компанийг үүсгэн байгуулсан боловч хангалттай чадавхжиж чадахгүй, хүлээсэн үр дүнд ч хүрэхгүй байв. Харин 2022 оны сүүлчээс эхлэн тус компанийг нэгдлийн зарчмаар ажиллуулж, бүтэц үйл ажиллагааг нь өөрчлөн шинэчилснээр төрийн өмчийн уул уурхайн компаниудын ашигт үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарах болсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдлийн нөөц хөрөнгө болоод Монголын баялгийг зөв бодлогоор удирдах үндсэн үүргээ шинэ удирдлага болоод шинэ зохион байгуулалтын хэлбэрийн аль аль нь биелүүлж эхэлсэн гэж хэлж болно. 


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд нэгдлийн зарчмаар ажиллаж эхлэхээсээ өмнө баялгийн удирдлагыг зүй зохистойгоор хэрэгжүүлэх үүргээ гүйцэлдүүлж чадахгүй байсан шалтгаан нь, нэгдсэн стратегигүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, үр ашиггүй төсөлд мөнгөө зарцуулж, санхүүгээ сулруулдаг байсан явдал. Төрийн өмчийн компани, ялангуяа уул уурхайн компанийн үйл ажиллагааг сайжруулах дээшлүүлэх асуудлыг Засгийн газар гардаж, зориглож хийхээс аргагүйд хүрчихсэн байв. Байгуулагдсан цагаасаа хойш удирдлагын баг нь есөн удаа солигдож, бүтэц нь 10 удаа өөрчлөгдсөн зэрэг нь ч энэ компанийн хөгжих, чадваржих үйл явцыг сааруулж байв. Мөн улс төрийн хамааралтай байдал, санхүүгийн нэгдсэн удирдлагагүй, төрийн өмчийн компаниудын мөнгөн урсгалыг хянадаггүй, ТУЗ-ийн гишүүд нь мэргэжлийн бус, зохион байгуулалтын бүтэц оновчгүй гэх мэтээр тоочоод барахгүй олон сул тал байсныг эмхэлж цэгцлэх алхмууд хийгдэж байна.


Шинэ удирдлагын бүтэцтэй, шинээр боловсруулсан дүрэмтэй, шинэ төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулах болсон “Эрдэнэс Монгол” нэгдлийн цаашдын зорилгод Үндэсний баялгийн сангийн тухай хууль гол түшиг тулгуур нь болох юм. Хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан.


Энэ хуулиар Монгол Улсын иргэн бүр баялгийн өгөөжийг тэгш шударга хүртэх боломжтой болж буйн дээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрх зүйн үндэс мөн тавигдлаа гэсэн үг. “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудын ашигт малтмалаас олж буй орлого ашиг бол нийт иргэдийн хөрөнгө. Тэр хөрөнгийг удирдан зохицуулах, зарцуулах асуудлаа Монголын 3.5 сая иргэн цөм цуглан хуралдаж байж шийдэх боломжгүйгээс хойш өөрсдийн төлөөллийн байгууллага буюу УИХ-аараа хэлэлцэж баялгийн хуваарилалт хийх нь одоохондоо хамгийн оновчтой шийдэл гэж үзэж буй. Баялгийн санд орлого хэрхэн төвлөрүүлэх, түүнийг ямар зарчмаар хуваарилах тухай агуулгыг УИХ-аар төсөв хэлэлцэхдээ нэгдсэн төсвийнхөө нэг хэсэг маягаар хэлэлцдэг байхаар тогтоод байгаа. Харьцангуй хураангуй хууль батлагдсан ч явцын дунд агуулга нь баяжиж, төгөлдөрших нь тодорхой гэсэн хүлээлт байна. Гадны сайн туршилга олон ч тэдгээрийг шууд хуулан турших боломж хараахан байхгүй учир өнөөдрийн байгаа боломж нөхцөлдөө тохируулсан байх. Юутай ч энэ хэмжээний алсаа бодсон хуультай болж чадсан нь амжилт бөгөөд хуулийг дагаад стратегийн орд газруудын хууль эрх зүйн байдал ч тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл төрийн эзэмшлийн компани атлаа хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг, үр ашиг нь иргэдэд хүртээлгүй, ойлгомжгүй байдлыг энэ хуулиар тодорхой болгож өгөөд байгаа юм.  


Мөн энд нэгэн зүйлийг онцгойлоход, манай төрийн өмчийн хэдхэн үйлдвэр л “шаварт унасан шарын эзэн”-ий үүрэг гүйцэтгэж ирсэн гэж хэлж болно. Өнөөдөр улсын хэмжээнд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг 97 уурхай бий. Тэдгээрийн ердөө зургаа нь л “Эрдэнэс Монгол” нэгдлийн компани. Тэрхүү зургаан үйлдвэр улсад төвлөрүүлдэг татвар хураамжийн 60 гаруй хувийг, валютын нөөцийн 70 хувийг нь төвлөрүүлж байна. Мэдээж төрийн өмчийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааны цар хүрээ хийгээд үр ашиг нь илүү ч гэлээ тэр хэрээрээ илүү том ачаа үүрч явдаг. Уг нь бол Монголын баялгаар бизнес хийж ашиг олж л байгаа бол ачаагаа хамтран үүрэх нь зүй ёсных атал түүнээс эсрэг зарчим үйлчилж ирсэн байдаг. Үр ашигтай ажилласан ч үгүй ч үүрэх ачаагаа хамтран үүрдэг, хувь хувьсгалын аль нь ч өгөөжөө тэгш шударгаар хүртэж, хүртээдэг зарчимч тогтолцоог бий болгох асуудал хүлээлт хэвээр үлдэж байгаа юм. Гэхдээ төр хувийн хэвшилтэй өрсөлдөх, төр давуу эрх эдлэх тухай асуудал огт биш.  


Одоогоос жил гаруйхны өмнө улсын валютын нөөц эрс багассан, нэгдлийн компаниуд гадаад төлбөрөө хийх нөөц тун хомс болчихсон байлаа. Валютын нөөц бүрдүүлэгч гол суваг нь уул уурхайн салбар атал тэрхүү үүргээ гүйцэтгэж чадахааргүй болтлоо дансаа шавхсан байв. Ингээд Монгол Улсын Засгийн газар валютын нөөц нэмэгдүүлэх тухай тогтоол гаргаж төрийн өмчийн уул уурхайн компаниудынхаа ашигт байдлыг дээшлүүлж, үйл ажиллагааг нь тордон сайжруулахад анхаарлаа хандуулан шуурхай ажиллаж эхэлсэн юм.  Энэ бүхний үр дүнд улайхад хүрээд байсан валютын данс арвижин, нөөц нь 5.6 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний 70 хувийг нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн буюу төрийн өмчийн компаниуд дангаар бүрдүүлсэн байдаг. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, нэгдлийн компаниудыг шинэ зарчмаар удирдаж эхэлсэн зэрэг ажил аль аль нь байгаа оносон гэсэн үг юм.


Өнөөдрийн тухайд төсөвт төвлөрүүлж байгаа орлогыг бүрдүүлэхэд төрийн өмчийн хэдэн уул уурхайн компани л гол ачааг үүрдэг. Эрдэнэт үйлдвэр л гэхэд төсөвт төвлөрүүлж байгаа орлогын 70 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд зэсийн 65 хувь, жоншны 15 хувь, коксжих нүүрсний 14 хувь, төмрийн хүдрийн 55 хувийг эзэмшиж байна. Бусад нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Гэтэл байгалийн баялгаар бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхэн ард иргэдэд ногдол ашиг өгсөн түүх үгүй, төсөвт төвлөрүүлдэг орлого нь тодорхой бус гэдгийг цөм мэднэ. Эндээс харахад бүгдийг нь хувьд шилжүүлбэл л бүх зүйл сайхан болох тухай ойлголт өрөөсгөл гэдэг нь тодорхой байгаа юм. Энэ ч утгаараа Үндэсний баялгийн сангийн тухай хуультай ч болж, “Эрдэнэс Монгол” нэгдэл ч удирдлагын манлайлал үзүүлэх цаг үеийн шаардлага нэгэнт бий болчихоод байсан билээ. Аль аль тохироо бүрдсэн энэ цагт Үндэсний баялгийн сангийн тухай хуультай боллоо. Өөрт буй баялгаа ухаалаг удирдлагаар үнэ цэнэд хүргэх, төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгдсэн бодлого төлөвлөгөөгөөр зангидан удирдаж улс орны бодлогыг хэрэгжүүлэх, иргэн хүн байгалийн баялгийн үр ашгаас тэгш шударга хүртдэг болох гүүрээ монголчууд ийнхүү тавилаа.  



Related news