Сэргээгдэх эрчим хүчний нөлөө, үр ашгийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-02 16:13:55

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр эрчим хүчний шинэ эх үүсвэрт шилжиж буй өнөө цагт манай улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглаж, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг зорьж байна. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх юм. 


Дээрх зорилтод хүрэхэд тулгарч буй бэрхшээл, сорилтыг төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл хамтран хэлэлцэн тодорхойлох “IREEE: Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” сэдэвт олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурал манай улсад болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагч ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ.

Үзэсгэлэн, хурлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн Танхим хамтран дэмжин ажиллах аж.


“IREEE: Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” олон улсын хурлаар эрчим хүчний үр ашигтай сүүлийн үеийн технологиуд, шинэлэг санхүүжилтийн хувилбарууд, дэлхийн бодлогын сайн туршлагаас хуваалцах юм. Мөн улс даяар эрчим хүчний үр ашиг, хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлөх бодлогын зөвлөмжийг хэлэлцэж гаргах аж.

Харин үзэсгэлэнд эрчим хүчний дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулах юм.



Related news