Цөмийн батарейн эх үүсвэрээр сумын төвүүдийг эрчим хүчээр хангах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-30 16:15:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийн дараагийн ээлж нь цөмийн энерги ашиглахад чиглэж байна.


Энэ талын эрчим хүчний шинэ эх үүсвэрт цөмийн батарей буюу цэнэг хураагуур, хиймэл нарны энерги, цөмийн урвалын нэгдэл, тэсрэлтийн эрчим хүчийг ашиглах зэрэг олон үүсгэвэр орж, шинэ технологи болон хөгжиж байна. Эдгээрийг барууны орнуудад хэдийн судалж, туршиж эхлээд буйг ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр эрдэмтдийн цуврал лекцийн 62 дахь удаагийн илтгэлээр танилцуулав.


Илтгэгч Д.Уламбаяраас цөмийн энергийн эх үүсгэврийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар тодруулахад, цөмийн энергийн бага оврын батарейг сум болон жижиг суурин газрыг эрчим хүчээр хангахад хэрэглэхэд тохиромжтой байх. Цөмийн эрчим хүч нь хямд төсөр, зардал багатай байдаг учир манай улсад уул уурхай болон газар тариалан, хөдөө аж ахуйд ашиглах боломжтойг хэллээ.


Монгол Улс бүс нутагтаа 300 мегаваттын, бага чадлын, цөмийн эрчим хүч хөгжүүлбэл эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж чадна. Бид эдийн засгийн коридороо цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлбэл эрчим хүчний хямралаасаа гарах чухал хөшүүрэг болно гэдгийг тодотгон хэлсэн юм.


Цөмийн, ус төрөгчийн эрчим хүч, газрын ховор элемент, хүрэн нүүрснээс шингэрүүлсэн байгалийн хий гаргах салбарт хүний нөөцөө шуурхай бэлдэх хэрэгтэй байгааг онцоллоо. 

 

Related news