Энэ сар хүйтэвтэр байх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Ус, Цаг Уур, Орчны шинжилгээний албаны мэдээгээр энэ 10 дугаар сард хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг анхааруулж байна.
Сарын эхний 10 хоногийн эхний хагаст Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна. Харин хоёрдугаар 10 хоногийн сүүлээс эхлэн ихэнх нутгаар бага зэрэг хүйтэн шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Тэгвэл сүүлийн 10 хоногийн дунд үеэс мөн хүйтэрч Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх төлөвтэй байгааг Хэнтий аймгийн Ус, Цаг Уур, Орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Энэ сард олон жилийн дунджаар 3.7-17.2 мм хур тунадас ордог бол Хэнтий зүүн өмнөд хэсгээр буюу Норовлин сумын өмнө, Батноров сумын зүүн, Баян-Овоо сумын нийт нутаг, Баянхутаг сумын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Нэгдүгээр 10 хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, сүүлчээр нь зарим газраар хур тунадас орох бол гуравдугаар 10 хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи эхний 10 хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар 10 хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг мэдээллээ.
Д.Одонтунгалаг