ДАРХАН-УУЛ: Сумдын цэцэрлэгүүд аяга, таваг ариутгагчтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-25 22:29:52

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын санаачилгаар сумдын цэцэрлэгүүдэд бактери устгаж, ариутгах үйлчилгээтэй аяга, таваг хатаагч хүлээлгэн өгч байна.


Дархан-Уул аймаг 2024 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Энэ хүрээнд Орхон, Хонгор, Шарын гол сумын бүх цэцэрлэгийн бүлэг тус бүрд бактери устгаж, ариутгагч нэгийг өгнө. 




Эхний удаад өнөөдөр Орхон сумын есдүгээр цэцэрлэгийн есөн бүлэгт хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэгт нэг ариутгагч байдаг бөгөөд анги, бүлгүүд долоо хоногт нэг удаа бактери устгах төхөөрөмжид хүүхдүүдийн аяга, тавгийг хуваарийн дагуу ариутгадаг байжээ.




Анги тус бүр бактери устгагчтай болсноор цэцэрлэгийн хүүхэд багачуудын гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, хеликобактери зэрэг аяга, тавгаар дамжин халдварладаг нянгаас сэргийлэх боломжтой гэж цэцэрлэгийн эмч Н.Очгэрэл тодотголоо.




Орон нутгийн хөгжлийн сангийн 14 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэгт нийт 37 ширхгийг хүлээлгэн өгөх аж.




Ташрамд, тус цэцэрлэг 1976 онд 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, ясли цэцэрлэгийн комбинат нэртэй байгуулагдаж байжээ. 2021-2022 оны хичээлийн жилд 75 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор өнөөдрийн байдлаар есөн бүлэгт 225 хүүхэд хүлээн авч, тойргийнхоо хүүхдүүдийг 100 хувь хамруулан ажиллаж байна.



Related news