Г.Климтийн бүтээл 32 сая ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-25 16:21:19

ВЕНА, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /DW/. Австрийн нэрт зураач Густав Климтийн сүүлчийн бүтээлүүдийн нэг болох “Лизер авхайн хөрөг Вена хотод лхагва гарагт болсон дуудлага худалдаагаар 30 сая еврогийн үнэ хүрч /32.1 сая ам.доллар/ зарагджээ. Залуу эмэгтэйг дүрсэлсэн энэхүү зураг нь нэрт зураачийн нас барахынхаа өмнө дуусгалгүй үлдээсэн бүтээл юм.


Алдагдаад удсан зураг

Уг зургийг алдагдсан гэж удаан хугацааны турш үзэж байв. Гэхдээ дуудлага худалдааг зохион байгуулсан “Im Kinsky ордноос мэдэгдсэнээр, Вена хотын ойролцоо орших хувийн харшид олон арван жилийн турш өлгөөтэй байсан ажээ. 


Дуудлага худалдааны ордон үүнийг гайхалтай дахин нээлт гэж нэрлэсэн байна. Уг бүтээл нь Австри улсад олон арван жилийн туршид хувийн эзэмшилд байсан гэж дуудлага худалдааны ордны мэдэгдэлд дурджээ. Одоогийн эзэд нь хоёр жил орчмын өмнө холын саднаасаа өвлөн авсан байна.


Густав Климтийн бүтээлүүдийг үнэ хаялцуулан худалдах нь ховор байдаг. Өнгөрсөн оны зургаадугаар сард “Шүтэн бишрэгчтэй хатагтай” хэмээх түүний бүтээлийг Лондонд дуудлагаар худалдах үеэр 74 сая фунт стерлинг буюу 86 сая еврогоор зарагдаж байжээ.


Лизер авхайн хөрөг

Климтийн сүүлчийн уран бүтээлд урагш эгц харан зогссон залуу эмэгтэйг улаан дэвсгэр дээр дүрсэлсэн байдаг бөгөөд бүсгүй цэцгэн хээтэй нөмрөг нөмөрсөн байдаг.


Энэхүү хөрөг зургийг захиалсан Лизерийн гэр бүл Венийн чинээлэг дундаж давхаргын гэр бүл байжээ. Үйлдвэр эрхлэгч тус гэр бүл еврей гаралтай байсан тул хожим нацистын үед хавчигдаж байв.


Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, нарийн судалгаа хийсний дараа тухайн үед зургийг хураан авсан гэх баримт байхгүй байгаа бөгөөд мөн уг зургийг 1938-1945 оны хооронд дээрэмдээгүй гэдгийг нотлох баримт ч олдоогүй байна.


Харин баримт нотолгоо бүхий мэдээллээр, Г.Климт 1917 оны тавдугаар сард уг зургийг туурвиж эхэлсэн байх магадлалтай байна. Улмаар зураач 1918 оны хоёрдугаар сард цус харваж нас барах үед бүтээлийнх нь багахан хэсэг нь дуусаагүй үлджээ.

Related news