Алсын зайн нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-25 14:49:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авлаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид өнгөрсөн онд анх удаа 600 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.доллар төвлөрүүлж, аялахад таатай улс орны нэг болсон. Энэ он Монгол Улсын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжих жил байх болно. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд МИАТ ТӨХК-ийн менежмент сайжирч, нэг жилийн дотор алсын зайн нислэгийн хоёр дахь онгоцоо хүлээн авч байна. Өнгөрсөн оны байдлаар манай улсаас 42 улсын 155 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдсэн. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд иргэний нисэхийн салбарт олон улсын нислэгийн давтамж, зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдлээ. Олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурсан гэдгийг онцоллоо. Мөн агаарын тээврийн либералчлалын хүрээнд Ховд, Мөрөн, Чойбалсан нисэх буудлуудыг 4C, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгож, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв.


Энэхүү агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан алсын зайн нислэгийг зогсолтгүй үйлдэх боломжтой. Дэлхийн хэмжээнд шууд үйлддэг алсын зайн таван чиглэлийн нислэгийн гурвыг тус агаарын хөлгөөр үйлддэг. Өөрөөр хэлбэл, хөнгөн жинтэй, нэг суудалд зарцуулах түлшний хэмжээ В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хий төдий хэмжээгээр буурдаг. Нисгэгчийн бүхээг, тоноглолд дэвшилтэт технологийг илүүтэй шингээсэн зэрэг олон давуу талтай юм.


Тиймээс тус онгоцоор эхний ээлжинд Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэх ба цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.  






Related news