Зургаан улсын балетчид Монголын тайзнаа өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-23 19:34:09

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, СУИС-ийн Бүжиг урлагийн сургууль, Монгол Улсын Консер­ватори хамтран зохион байгуулж буй “World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024”-ийн сонгодог урлагийн тэмцээн өнөөдөр эхэллээ.


Тэмцээнийг сонгодог, үндэснийхээ өв соёл, гайхамшигт бүжгийн хийцийн донж хэв маягтай хослуулсан контемпрари болон этник төрлөөр энэ сарын 22-29-нд Соёлын төв өргөөний тайзнаа зохион байгуулж буй юм. Дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг төрөлх тайзнаасаа харж, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах боломжийг залуу бүжигчдэд тус тэмцээн олгож байна.


Энэхүү тэмцээнийг санаачлан эх орондоо зохион байгуулж буй уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнээс дараах асуултад хариулт авав. 


-Балетын чансаа өндөр тэмцээнд зүй ёсоор тооцогддог “World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулж буйн зорилго, давуу тал нь юу вэ?

-“World Ballet and Dance Grand Prix” энэхүү тэмцээнийг дэлхийн 18 улсад зохион байгуулдаг. Энэ тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрх авахын тулд Олон улсын балетын холбооноос зөвшөөрөл авсан.  Алдарт Их театрын уран сайхны удирдагч байсан Юрий Григорович ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэй учир олон улсын гэж нэрлэх эрхтэй гэсэн үг.  Эх орондоо зохион байгуулж буйн гол зорилго нь манай улсад МУК, СУИС гэхчлэн мэргэжлийн сургууль байдаг ч гадныхан тэр бүр мэддэггүй. Манай сургуулиуд дэлхийд танигдаж чадвал гадаад оюутнуудыг татах боломжтой. Солонгос, Японы бүжигчид манайд ирж байж л мэддэг. Гаднаас оюутнууд ирж манайд сурдаг болоосой хэмээн уралдаан тэмцээнээ сайн зохион байгуулахыг зорьж байна. Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд гадаадын сургуулиудад тэтгэлэг авах эрхтэй болно. Тухайлбал, АНУ-ын Даллас консерваторийн 100 хувийн тэтгэлэгт хамрагдах, Бельгийн балетын сургуульд 20 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнуулна. Цом, мөнгөн шагналаас илүү нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх нь өсөн дэвжихийг хүсдэг залуу бүжигчдэд том бэлэг юм.


-Тэмцээнд хэчнээн улсын балетчид ямар төрлөөр өрсөлдөж байна вэ?

-Монгол, Орос, Америк, Солонгос, Хятад, Филиппин зэрэг зургаан орны нийт 260 орчим балетчин өрсөлдөж байна. Тэмцээнийг сонгодог, этник буюу ардын, контемпорари гэсэн гурван төрлөөр зохион байгуулж байгаа. Эхний гурван өдөр балетчид сонгодог төрлөөр, дараагийн гурав хоногт ардын бүжиг, контемпорари чиглэлээр өрсөлдөх бол энэ сарын 29-нд шагналтнуудын Гала тоглолт болно. Гала тоглолтод оролцохоор дэлхийн од Казахстаны “Астана Опера” театрын  тэргүүн гоцлооч Бахтияар Адамжан манай улсад хүрэлцэн ирнэ. Тэрхүү тоглолтыг үзээд манай улсын болон дэлхийн балетын хөгжил ямар түвшинд байгааг үзэх боломжтой.


-Балет бол бүжигчин хүний асар их хөдөлмөрийн үр дүнд тэсвэр тэвчээр, уян хатан чанар, маш нарийн мэдрэмжийг харуулдаг гайхамшигтай урлаг. Гадаадын бүжигчидтэй хамтран ажилладаг хүний хувьд болохоор манай обалетчдын бусад орныхноос ялгарах онцлог юу бол?

-Монгол хүн авьяастай. Бид гурван сая хүн амтай мөртлөө авьяастай хүн олон байдаг. Бэлтгэл сургалт хийхдээ битгий залхуу байгаасай гэж хүсдэг. Бид япон, солонгосчуудын хөдөлмөрлөдгийн 50 хувиар хөдөлмөрлөж чаддаг болох хэрэгтэй. Бид амжилтад амархан хүрэхийг боддог. Амжилтад хүрнэ гэдэг зовно, хөдөлмөрлөнө, хөлс, цус гаргана гэсэн үг шүү дээ.


-Ер нь орчин үеийн балетын урлагийн хөгжилд ямар өөрчлөлт орж байгаа бол?

-Европ болон Америкт контемпорари урлаг 100 жилийн өмнөөс хөгжсөн бол манайд дөнгөж эхэлж байна. Манайд бүжиг дэглээч маш их хэрэгтэй байна. Авьяастай бүжиг дэглээчид олон бий ч школ дутагдаж байгаа нь анзаарагддаг.


-Тэмцээнийг ямар хүмүүс шүүх вэ. Залуу бүжигчдийн чанар чансааг дэлхийд таниулахаар энэхүү тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулах боломж бий юу?

-Уралдааныг Монголын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүнэ. Уралдааны ерөнхий шүүгчээр ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн домог болсон В.Гордеев ажиллаж байна. Мөн миний бие болон МУАЖ О.Ганбаатар, МУУГЗ Д.Баярбаатар, МУУГЗ Н.Оюун балетчин МУСТА С.Ганбат, болон БНСУ, ОХУ-аас  ирсэн нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байна. Одоогоор хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Жил бүр зохион байгуулна гэдэг амар ажил биш. Мөн жил бүр хийгээд байхаар манайхан залхаж магадгүй. 













Related news