“Эпл”-ийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-23 17:31:23

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /Reuters/. “Эпл” компанийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд 19 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Хятадын “Хуавэй” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан нь “Эпл”-ийн давамгайлалд нөлөөлсөн байна.


Мөн ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад “Эпл”-ийн эзлэх хувь өнгөрсөн оны эхний улиралд 19.7 хувьтай байсан бол энэ оны эхний улиралд 15.7 хувь болж буурсан байна. Ингэснээр борлуулалт нь 70 хувиар өссөн “Хуавэй” компанийнхтай бараг ижил түвшинд хүрсэн гэж “Counterpoint судалгааны фирм мэдээлжээ.


Түүнчлэн “Эпл” компани Хятад дахь ухаалаг гар утасны хамгийн том борлуулагчийн байр сууриа дотоодын өрсөлдөгч “Виво” компанид алдаж, өнгөрсөн улиралд гуравдугаарт бичигджээ. Харин “Хуавэй” компанийн зах зээлд эзлэх хувь 15.5 хувьд хүрснээр удаалсан байна.


Өнгөрсөн наймдугаар сард Mate 60 ухаалаг гар утсаа худалдаанд гаргасан “Хуавэй” өнгөрсөн долоо хоногт Pura 70 загварын гар утаснуудаа танилцуулжээ. Mate 60 загвар нь Хятадад үйлдвэрлэсэн дэвшилтэт чиптэй тул өндөр үнэтэй гар утасны зах зээлд эргэн ирсэн гэж шинжээчид үзсэн бөгөөд энэ нь тус компаний эсрэг Америкийн хориг арга хэмжээг ялсан үйл явдал гэж тодорхойлсон байна.



Related news