Булевиртид эмийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-04-13 09:12:30

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Дээрх хоёр хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдсэний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байгааг сайд С.Чинзориг танилцуулав.


Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй Гепатитын вирусийн халдвараас сэргийлэх, оношлох, эмчлэхэд анхаарч, олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” үйл ажиллагааг өрнүүлж, Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан билээ.


Гепатитын вирусийн А, В, С, D, Е гэсэн 5 төрөл бий.  Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай. В, С вирус нь бэлгийн замаар, тарилга, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.


Гепатитын Д вирусийн халдвар ихэвчлэн гепатитын Б вирусийн халдвартай хавсардаг. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улсад гепатитын Д вирусийн халдвартай 60 мянга гаруй хүн байх магадлалтай гэжээ. Д вирусийн халдварыг эмчлэхэд Булевиртид эм үр дүнтэй гэж үздэг. Булевиртид нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Эмийн чанар, аюулгүй байдлын зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс Булевиртид эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж байна. Гэвч гепатитын Б, Д вирусийн эмчилгээнд хэрэглэх Булевиртид эм өндөр үнэтэй байгаа тул иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.


Булевиртид эмийг анх ОХУ нээжээ. Эмийн патентаа АНУ-ын Gilead Science компанид зарснаар Gilead Science компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн тул гадаад улс орнуудад экспортлох боломжгүй аж.


ЭМЯ-наас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин багасгах тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд заасан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.


Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүй тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б, Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон гэж Засгийн газраас үзжээ хэмээн УИХ-ын ХМОНХГ-аас мэдээлэв.

Related news