Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 15:57:15

Балжинням, Дашням давхацсан өнөөдрийн билэгт сайн өдрийн морин цагт Хэнтий аймгийн Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн Д.Гантулга болон аймгийн удирдлагууд, тус сургуулийн захирал, багш нар, сурагчид эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, ёслолын тууз хайчлав.

Тус сургуулийн захирал Х.Алтанцэцэг нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ “Намтар баян түүхийн цагийг эзэлж, түүх болсон сургууль минь эдүгээ 95 жилийг ардаа үдэж, Монгол Улсынхаа нэр хүндтэй сургуулиудын эгнээнд нэр төртэйгөөр багтаж чадсан нь бидний бахархал билээ. Төрийн түшээд болон аймаг орон нутгийн удирдлагуудын маань сүүн зам татуулсан дэмжлэг туслалцаа, зөв  бодлогын хүчээр 2010 онд эхлэлээ тавьсан хичээлийн шинэ байрныхаа анхны хонхыг цохих таатай мөч ирсэнд баяртай байна” гэлээ.

Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд 2410 суралцагч, 122 багш ажилчидтай, 33 ангид 65 бүлэг 2 ээлжээр хичээллэж байсан бөгөөд одоо 1,2 коэффиценттойгоор хичээллэх боломж нээгджээ.

928 хүүхдийн суудалтай, 5,3 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү хичээлийн шинэ байрыг барилга угсралтын “Алтанбулаг” трейд компанийн хамт олон барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Сургуулийн удирдлагууд харьяаллын 6-12–р ангийн 415 хүүхдийг саналынх нь дагуу шинэ сургуульдаа суралцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд БСШУЯ-наас лабораториуд нийлүүлсний дараа сургуульдаа туршилтын ангиуд болон гүнзгий сургалтын ангиудыг оруулахаар төлөвлөжээ. Одоогоор шинэ байрныхаа тоног төхөөрөмжийн 70 хувийг авчирч суурилуулаад байгаа аж.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news