М.Эрдэнэбаяр: Миний хамгийн цензуртэй, хатуу үзэгч бол Би өөрөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-04-11 08:48:04
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн урлагийн маш сонирхолтой төлөөлөгч, зураач Монхорын Эрдэнэбаярыг "Mongolia today" сэтгүүлийнхээ зочноор урьж ярилцсан юм. Тэрбээр морь, морь тойрсон соёлыг дүрсэлдгээрээ үнэхээр өвөрмөц уран бүтээлч. Хамгийн гол нь мэдлэгтэй, судалгаатай, мэдрэмжтэй ажиллаж чаддаг учраас, зургийнх нь баялаг өнгөний цаадах морьдын нь нууц үзэгчийн сонирхлыг байнга татаж байдаг. Түүний морьд тогтуун атлаа давтагдашгүй, хүчирхэг атлаа нууцлаг, бас тусгаар атлаа хажууд мэт оршдог учраас л “Нэг юмыг хийх асар их боломж Эрдэнэбаярын бүтээлээс харагддаг” хэмээн уран зураг сонирхогчид шимтдэг биз ээ. 

-Та сүүлийн үед ямар бүтээл хийж байна вэ?
- Сүүлийн үед би бүтээлийнхээ хэлбэр хэмжээг нь ихэсгэж, томоор зурдаг болж байна. Нэг сэдвийг тууштай бариад цаана нь гарна гэсэн бодолтой явдаг. Тэр нь морь, морь тойрсон соёл юм.

-Морь бол монголчуудын хувьд од хийморь, эрх чөлөөний бэлгэдэл. Та мориор дамжуулан нийгмийн асуудлыг хөндөж тавьдаг. Буддын шашны нөлөөгөөр 2 өнгөөр голчлон зурдаг байсан ч өнгөө өөрчилсөн гэсэн. Яаж өөрчилсөн бэ?
-Өнгөний хувьд айхтар өөрчлөгдсөн юм байхгүй. Нэг үзэсгэлэнгээ би 2015 онд зөвхөн хар, цагаан өнгөөр гаргасан. Зөвхөн энэ хоёр өнгөөр дагнаж, хоёр жил зурсан. Хар цагаан өнгө их сонирхолтой. Зарим хүнд өнгө биш ч юм шиг. Ер нь, хорвоогийн хамаг зүйл хар, цагаан хоёрт л зангидагддаг. Нэг талдаа график маягийн хэллэгтэй. Тийм явцуу байдал нь хүнийг их сонирхолтой байдлаар өдөөж байдаг юм билээ.

-Мориор төлөөлүүлэн нийгмийн асуудлыг гаргахад бэрхшээл тулгардаг уу?
-Би нийгмийн асуудлыг хөндсөн, улстөржсөн үзэсгэлэн нэг л удаа гаргаж байв. Гэхдээ миний бүтээлүүдийг уншиж чадвал мориор дамжуулаад монгол хүний оюун санаа, өнгөний сэтгэлгээ, амьдрал, шашин соёл, түүхэндээ хандаж байгаа хандлагын илэрхийлэл харагдана. Түүнээс биш хүнээс айхтар философи шаардаад байдаггүй. Харин улстөржих, попрох их амархан, тэр нь ч хүнд илүү амар хүрдэг. Өдгөө олон хүн энэ төрлөөр бүтээлээ хийж байна, шог зураг шиг гэх юм уу даа.

-Таны бүтээлийн гол баатар нь морь. Гэхдээ зурж чадахгүй юм уу, зурж чадаагүй морь гэж бий юу?
-Зурж чадахгүй морь гэж хэлэх ч хаашаа юм, харин зурахыг хүсдэггүй морь гэж бий. Хүн бүрийн зурдаг, дэл сүүл нь намирсан тийм морийг зурахыг хүсдэггүй.

-Таны бүтээлийн морьд тогтуун атлаа хөдөлгөөнтэй. Зарим зургийн тань морийг эгцлэн харахад юу юугүй нөмрөөд ороод ирэх мэт тийм хүчирхэг дүрслэлтэй. Гэхдээ яг тэр реалист биш дүрслэл тань бодуулах, бясалгах, санах сэдлийг өдөөдөг гэвэл та зөвшөөрөх үү?
-Тийм ээ, үндсэндээ мөн л дөө. Монголчууд бидний түүх, соёл хэдэн мянган жилээр яригдана. Бүхий л цаг үед морио л дуулж, зурж ирсэн. Монголчууд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ ч морьтой холбосон нь их. Эмэгтэй хүнд сэтгэлээ илэрхийлэхдээ би чамд хайртай гэж шууд хэлдэггүй. Харин ч сайн морио унаад сайхан чамдаа очно доо л гэсэн байдаг шүү дээ. Энэ  бол  том соёл. Дүрслэл нь хүртэл цаанаа л хүнд нэг юм бодуулах гээд байдаг.

-Тэгвэл уламжлалт морины дүрслэлээс та юуг уламжилж, юуг шинэчилсэн гэж боддог вэ?
-Цаг үе болгон өөрийн онцлогтой байжээ. 13-14 дүгээр зууны миниатюр зургийн морьд их өөр. Тухайлбал, Рашид Ад-Диний “Судрын чуулган” тансаг чимэг зургуудтай. Монголын эзэнт гүрний түүхийн гол эх сурвалж, перс хэлээр бичигдсэн “Судрын чуулган”-ыг бүтээхэд иран, монгол, хятад, энэтхэг зураач нар байсан гэдэг шүү дээ. Тиймээс түүнээс араб маягтай ч, морины онцгой сонин дүрслэлийг олж харж болдог. Наашлаад 17-р зууны, Буддизмын 3-р их дэлгэрэлтийн үе болоход бас нэг өөр болох жишээний.
Социализмын үеийн буюу “Азарганы ноцолдоон” зэрэг алдарт бүтээлүүд яг фото зураг шиг бодит дүрслэлтэй болсон. Ингэхээр бүх үед монгол хүн морьтойгоо л явсан байгаа юм. Харин манай үеийн үндсэн ялгаа бол реализмынхаа эсрэг, нэг юманд баригдаад байхыг хүсэлгүй, өөрөөр харж, өөрөөр дүрслэх гэснээрээ онцлог. Барууны урлагийг сонирхон шимтсэн сэтгэхүйгээр манай үеийн зурагт барууны урлагийн хэлбэр, дүрсний нөлөө ч бий. Тиймээс энэ бүхэн дээр үндэсний ухамсар, сэтгэлгээ, түүхээ эргэж сонирхсон цаг үеийн нөлөө бүхэн сүлэлдээд миний бүтээлүүд бий болсон.

-Таны бүтээлд одоо хар, улаан өнгө голчилж байх шиг. Илэрхийлэх гэсэн санаатай тань холбоотой юу?
- “Шамбалын морьд” гэдэг энэ зураг бол 2007 оны бүтээл. Би 2000 оны үед улаан өнгөнд их автаж байв. Зарим зураач нар “Улаанаас өөр өнгө байдаг шүү дээ, мориноос өөр юм зурвал яасан юм бэ” гэдэг байсан /инээв/. Хариуд нь би та нар өөрсдөө л тэднийгээ хий гэдэг байлаа.

Улаан бол маш хүчтэй, түрэмгий, бас зарим хүний хувьд хүнд, заримд нь аз жаргалтай, баяр баясалтай өнгө. Гэхдээ монголчуудын оюун санааны өнгөний сэтгэлгээнд улаан, хар өнгө гүн суусан өнгө юм. Социализмын үед Европын шашны нөлөөгөөр улаан, хар өнгийг гашуудлын өнгө гэж ярьдаг болсон.
Христийн шашны хувьд тийм байж болох ч, бидний хувьд үгүй. Энэ өнгө Монголын маш эртний бөөгийн шүтлэгтэй ч уялддаг. Сүм хийд, гэрийн авдар савны маань өнгө будаг ерөнхийдөө улаан байдаг шүү дээ. Ингэж Монголд маш их шингэсэн өнгө бол улаан юм.

-Морины олон үүлдэр бий. Монгол адууны онцлог ямар онцлогтой гэж та боддог вэ?
-Ерөөсөө монгол хүн, монгол адуунд нэг онцлог байгаа нь тэвчээр шүү дээ. Маш хүйтэн, халуун хоёрын зөрүүн дотор, хэн ч түүнийг хооллохгүй, өөрөө идэш тэжээлээ олно. Тийм гайхалтай үүлдэр байхгүй юу. Наадмаар морьдыг 30 км зайд уралдуулдаг. Тэгэхээр өртөөний зам гэдэг хорин хэдээс 30 км л байсан юм билээ. Түүнд л тэнцэх морийг л шалгаруулах гээд буй хэрэг шүү дээ. Бөхийн барилдаанд гэхэд, ямар ч том амьтныг арга ухаан самбаатай байвал унагаж болно, түүнээс айж болохгүй гэдэг аягүй том сэтгэхүй явж байгаа. Сурын харваа ч ялгаа байхгүй, цэрэг дайны бэлтгэл л яваад байгаа, тэр нь соёл, тэгээд тоглоом, наадам болсон гэсэн үг.

-Сайхан юмыг олж харна, мэдэрнэ гэдэг их чухал. Тэгэхээр хүний сэтгэлийг зөвхөн мориор илэрхийлэхэд үйл хөдлөлийг нь та голчилдог уу, өнгөөр илэрхийлэхэд их анхаардаг юм уу?
-Ер нь, өнгө зохиомжийг би анхаардаг. Манайхан бол мэдээж хэрэг бодит амьдралын юмыг ярих гээд байдаг. Зураг гэдэг бол бодит юм биш шүү дээ. Тийм учраас хийсвэр юмыг зургаар илэрхийлэх нь зохимжтой. Зүгээр л бидний оюун санаанд байгаа соёлын илэрхийлэл гэсэн үг.
Сэтэрлэсэн морины уламжилж ирсэн зураг гэрт маань байдаг байв. Тэр нь надад маш гүн нөлөөлсөн. Ер нь, уран бүтээлч хүн ямар орчинд, хаана яаж төрж өссөн нь чухал байдаг.

-МИНИЙ ТҮҮХ бол МИНИЙ БҮТЭЭЛҮҮД-

-Тэр сэтэрлэсэн морины зураг зураач болоход тань нөлөөлжээ, тийм үү?
-Тийм ээ, нөлөөлсөн.

- Хүүхэд болгон зураг зурдаг боловч бүгд зураач болдоггүй шүү дээ. Яг ямар байдлаар нөлөөлсөн бэ?
-Тэр үед түүнийг гоё гэж харж мэдэхгүй л дээ. Шашны талын эд учраас биширч шүтэж л байсан. Хожим бид абстракт зураг зураад л, барууны юмыг сонирхоод л, реалист биш байх гээд л үзэж тарж байх явцад, 1990-ээд онд түүх ч худлаа, үнэн гэж бодож байсан юм бүхэн өөрчлөгдлөө. Өөрсдийнхөө юмыг мэдэж байгаа учир, барууны бүх л музейг үзэн өөрсдийгөө хайцгаав. Тэгэнгүүт уран бүтээлч хүн нэгнийхээ уран бүтээл рүү ч хамаагүй ордоггүй, хил хязгаартай байдаг, өөрийн дэгтэй явах ёстой юм байна гэдгийг ухаарч өөрсдийн соёл руугаа ярган орлоо шүү дээ. Тэгээд тэр дотроос бүтээлээ босгож ирэх гэсэн зүтгэл бол тэр чигтээ миний амьдрал юм.
Намайг хамгийн сайн ойлгож, дүгнэж хэлсэн хүн бол, Хаан банкны Питер Морроу. Тэр урлаг ивээн тэтгэдэг сайхан хүн байв. “Эрдэнэбаярын зургаас нэг юмыг хийхэд ямар их боломж байдгийг олж харж байна. Бүтээлүүд нь адилхан юм шиг мөртөө ерөөс давтагдахгүй” гэж үнэлсэн. 

Тэгэхээр яг нэг зүгтээ хандан эрж хайж, өчигдрөөс өнөөдөр өөр байдаг болохоор юм бүхэн өөр хэмээн сонирхож, түүний төлөө амьдралаа зориулсан миний түүх бол миний бүтээлүүд юм.

- Уран бүтээлч хүний 6 дахь мэдрэхүй онцгой хөгжсөн байдаг гэж бодогддог. Буддын шашинд хүн гурван нүдтэй, гурав дахь нь билгийн нүд гэж үздэг. Та 6 дахь мэдрэхүйн талаар юу гэж боддог вэ?
- Янз бүрээр л бичсэн байдаг. Зөн билиг гэдэг бол хүнд битгий хэл амьтанд ч байдаг гэдэг. Түүнийгээ бүтээлдээ шингээж байх ёстой. Гэхдээ шингээе гээд шингээх биш, тухайн хүн хэрэв авьяастай бол түүнтэй нь цуг байдаг байж магадгүй. Тийм учраас зурагт байгаа учир битүүлэгдүү дүрс, хэлбэрүүд нь яг тийм зиндааны үзэгчид хоорондоо ойлголцох учиг болдог. Харин бүх юм нь ойлгомжтой, яг таг дүрслэлтэй реализм сүүлийн 70 гаруй жил ноёлж байв шүү дээ. Миний хувьд, уран бүтээлээ туурвиж эхэлсэн цаг үе бол цэл залуухан, хорин хэдтэй ардчилалтай золгоод, хэний ч цензургүйгээр, хэнд ч захирагдахгүйгээр өөрийнхөө хүссэнээр хийснээрээ азтай. Харамсалтай нь, урлаг судлал, шүүмжлэл манайд сайн хөгжөөгүй учраас бүтээлийн тухай яриад, задлаад, судлаад явах нь дутагдалтай байх шиг. Тэгэхдээ цаг хугацаа биднийг хүлээхгүй тул хийх юмаа хийгээд л явж байна даа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, "Улаан морь"
-Техник технологийн хөгжил бидний төсөөллөөс ч үсрэнгүй урагшилж яваа энэ цаг үед хотын залуус “чөдөр зангидах” ухаанаас холдож байна. Өв соёлоо мартагнах энэ байдал урлагт хэрхэн нөлөөлж байна вэ?
 -Бидний үед мэдээлэл ховор, ялангуяа, Монголын урлагийн хичээл хамгийн сонирхолтой байдаг байлаа. Би Д.Дашбалдан гээд их сайхан урлаг судлаачаар Монголын болон дэлхийн урлагийн түүхийг 2 жил заалгасан. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирал, Монголын түүх, музейн сандаа их хайртай тэр багш маань бидэнд хичээл зааж байхдаа жинхэнэ аз жаргалтай болдог байлаа.
Бид залуу, Занабазарын бурхны бүтээлийг сайн ойлгохгүй, гар хөлийн хөдөлгөөн нь л өөр болохоос бусад нарийн ялгааг нь олж хардаггүй байв. Уйгагүй заасны нь ачаар үндэсний соёл оюун санаанд минь суужээ. Сүүлийн үед ардын урлагийн чиглэлээр бүтээл хийж байгаа уран бүтээлчид түүхийн ойлголт, мэдлэггүй байгаа нь танигдаад байна. Гэтэл энэ цаг үе нь түүхээ нэхэж, нөхөж авч байгаа цаг үе шүү дээ. Жишээ нь, мөнгөн аяга, эдлэл хийж байгаа хүмүүсийг харахад хээний ялгаа, учир утгыг сайн мэдэхгүй, мөнгө их оруулж, томоор хийж байвал болно гэж бодоод байх шиг.

Мориндоо ахадсан, хүн сууж явах аргагүй том том эмээл хийж байна. Энэ бол хэрэглээ биш үзмэр болж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл эмээл нь хэрэглээтэйгээ уялдаатай гайхалтай дизайнтай байсан. Ер нь монголчууд юу эдэлж, хэрэглэж байснаа мэддэггүй, мартсан байж.
Монголчууд Буддизмд хэдий идээшиж дассан ч, 1990 оноос хойш бас л харийн шашин гэдгийг нь ухаарч эхэлсэн. Тэгээд Монголоо, монгол соёлоо хайж эхэлсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд олдож байгаа археологийн олдворуудаас бидний өвөг дээдэс ямар нандин эд зүйлс хэрэглэж байсан нь ил болж байна. Гэтэл, энэ нь монголчуудын хэрэглээнд одоо ч байна. Жишээлбэл, Дарьгангын эмээлийн баавар, аяган дээр Хүннүгийн үеийн авсны чимэглэл дээр дүрслэгдсэн дөрвөн дэлбээт цэцэг байдаг. Ихэнх хүмүүс юу бэлгэддэгийг нь мэддэггүй.
Луу гэхээр л Хятадынх гэх нь холгүй байна шүү дээ. Гэтэл Хүннүгийн үеийн асар том соёл байж шүү дээ. 13 дугаар зууны үеийн монголчуудын дээл хувцас тэр чигээрээ луун чимэгтэй байсан. Өвөг дээдэс маань Хятад оронд 200 жил соёлын маш том түрэмгийлэл үйлдэж, ахуй соёлоо тэдэнд тулгаж шүү дээ. Тэгтэл луу маань говьд байсан үлэг гүрвэл байх жишээтэй.

-Тийм учраас та, Монголын эдлэл хэрэглэл дээр ёс юм шиг дүрслэгдсэн зүйлсийн талаар сүүлийн үед нэлээд бичиж байна, тийм үү?
-Өөрийнхөө соёлыг таних, бахархах, зөв өвлөж авч явах, дизайны урлаг болон бусад зүйлд хэрэглэх хэрэгтэй байгаа юм. Архи дарс хүртэж байсан хундагыг хүртэл одоо зарим эрдэмтэн аяга гээд л байх юм. Уг нь аяга биш, луун толгойтой хундага юм. Аяга тагш юм ууна гээд аман ярианд хүртэл байдаг шүү дээ. Иран, Турк зүгийн ундаа, дарс уудаг байсан юм билээ.
Хээ, өнгөний сэтгэлгээнд хүртэл уламжлал байдаг юм шүү гэдгийг ойлгуулах мэдүүлэх гээд хичээгээд байгаа ухаантай. Монгол гэрт хүний нүдэнд тусах юм бол авдар, бурхан тахил байлаа. Хэдий гадны соёл ч гэлээ яалт ч үгүй сүүлийн 400-500-гаад жил буддын соёлтой монголчууд их барилдсан.
Авдар гэхэд л их сонин. Лам нарыг 1930-аад онд баривчилж, тэднийг артельд ажиллуулан хувин сав, авдар, ор хийлгэж байсан юм билээ. Тэгэнгүүт нөгөө лам нар авдран дээр өөр өөр юмс хийж байсан нь харагддаг. Бүр сүм хийдийн хятад зураг ч авдран дээр зурсан байх шиг.
Гэхдээ арслан их зурсан байдаг. Мөн авдран дээр маш сонирхолтой хээнүүд үлдсэн. Монгол үнэхээр хээний баялаг түүхтэй ард түмэн шүү дээ. Тэр бүхнийг уран бүтээлчдийн анхааралд хүргэх гээд хичээдэг ухаантай.

-Монголчууд өнгөний төдийгүй, аливаа эдлэл хэрэглэгдэхүүнийхээ хэлбэр дизайныг төгсөртөл нь чамин болгож хөгжүүлсэн байсан тухай та хэллээ. Дахин давтагдашгүй тэр хийц урлал нь юу юугаар илэрч байна вэ?
- Жишээ нь, эмээл гэхэд л ихэвчлэн улаан шаргал өнгөтэй байдаг. Гэтэл ягаан, цагаан эмээл ч бий. Монголчуудын эдийн засгийн чадамжтай уялдаад цаг үе болгонд өөр өөр байжээ. 13 дугаар зууны алтан эмээл Сүхбаатарын Дарьгангаас гарч ирж байна шүү дээ.  Тэр эмээл нь том бүүрэгтэй, түүн дээрээ дан луутай.
Өвөр Монголоос гэхэд чийг авахуулахгүй загасны хайрсан бүрээстэй эмээл урласан байдаг. Эмээл, хөгжмийн зэмсгийг уран бүтээлч хүн өөрөө өөртөө зориулан хийдэг байсан учир өнөөдрийнх шиг олноор нь үйлдвэрлэдэггүй байж. Чухам тиймээс нэг нь нөгөөгөөсөө ялгарах маш гоё, өвөрмөц дүрслэлүүд үлддэг байсан байна. Адууны шүдээр чимэглэсэн маш өвөрмөц, хаа ч байхгүй эмээл байсан тухай хүмүүс ярьдаг. Ингэснээр өнгө, хийц нь давтагддаггүй байсан. Ер нь бол, ардын урлагийг үйлдвэрлэл л устгадаг.

- Монголчууд өвгөд, хөгшид, хажуу айлдаа их тусалдаг тусч ард түмэн. Технологи хөгжиж, роботжиж байгаа энэ цаг үед сэтгэлийг яаж хамгаалах вэ. Уран бүтээл, урлагаар үүнийг яаж хүргэх вэ?
- Миний “Өнөөдөр” гэдэг баримал бий дээ. Гаднын олон соёлын нөлөөгөөр Монголоо алдаж байгаагийн хэлбэр л дээ. Гэхдээ үүнийг би түр зуурын үзэгдэл гэж боддог. Монголчууд бид ахуй байдал, иргэншлийн хувьд өөрчлөгдөж байгаа ард түмэн шүү дээ. Сүүлийн 30 жил хотжих гэж ядацгааж байна. Тиймээс энэ үеийг жижигхэн будилааны үе л гэж би боддог.


-УРЛАГ БОЛ ТАЙЛБАР БИШ МЭДРЭМЖ-

-Уран бүтээлчид өөрийгөө хурцлах, бүтээл хийх сэтгэл зүйгээ бэлтгэхдээ янз бүр байдаг байх. Жишээлбэл, “Дайн ба энх”-ийг бичихийн тулд зургаан жил судалгаа хийсэн тухай түүх яригддаг.  Та зураг зурахдаа өөрийгөө  бэлддэг үү, ер нь ямар үед зурж эхэлдэг вэ?
-Би бол байнгын бэлтгэлтэй мэргэжлийн тамирчин гэдэг шиг л байдаг. Элдвийн юманд самуурахгүй, тийм ийм сэдэв рүү ч орохгүй.
Өнөөдөр хийж байгаа бүтээлд миний 40 жилийн хөдөлмөр, 40 жилийн туршлага явж байгаа. Тэр зургаан жил бол юу ч биш. Судлаач нар үнэн худал гоё гоё түүх бичдэг л дээ. Тэр бол уран зохиол, урлагт дуртай болгох фантазууд байхгүй юу.
Үнэхээр уран бүтээлч бүр янз бүр л байгаа. Яг хамгийн гайхалтай хийх хором нь маш богинохон ч байж болно. Хүмүүс богинохон хугацаанд хийсэн гэхээр, “Өө ийм амархан уу” гэж ойлгож болно. Гэтэл 10 жил бодож эрж яваад, яг хийх хором нь 10 минут ч байж болно шүү дээ. Тэр агшин, хором хоёр хоорондоо таарах л байхгүй юу. Онгод гэдэг бол сайн бүтээл хийсэндээ урамшсан сэтгэл шүү дээ.

- Олон жил зурсан зураг гэхээр илүү үнэлэгдэх, сонирхох хандлага ажиглагддаг нь нууц биш. Тэгэхээр хамгийн гайхалтайг хийх тэр “алтан хором” сэтгэлийн догдлол тухайн зурагт яаж дүрслэгдэх вэ. Ер нь ямар зургийг олон жил зурсан зураг гэдэг юм бэ?
-Миний хувьд, 10-аад жилийн өмнө зурсан зургаа гаргаж ирээд харахад ингээд засчих байсан байна шүү дээ, тэр үед ямар мангар байсан юм бэ гэж бодогдох нь бий. Тэгэхээр тэр үедээ болчихсон юм шиг хэрнээ, яг нэг гүйцэд биш, тэгсхийгээд орхичихсон хэрэг. Түүнийг тэр үед зурсан зураг гэх үү, өнөөдөр зурсан гэх үү тийм сонин байдалд орох тал бий.
Их олон жил зурсан гэдгээр зургийг үнэлдэг байж болохгүй л дээ. Үнэхээр хүний сэтгэл хөдлөлийг удаан хугацаанд барьж чадахгүй. Хэрэв тэгж байгаа бол, тэр бол зүгээр л гүйцэтгэх ажил болно. Дайн байлдааны тухай түүх ч юм уу, олон дүртэй зургууд бол гүйцэтгэх ажлууд болчихно л доо.

Гэтэл миний бүтээлийн төрөл ч ялгаагүй, яруу найраг шиг, бид бол бодож байгаад, яг тухайн агшинд л эвийг нь олж хийж байгаа шүү дээ. Бүтээл чинь өөрөө өөрийгөө цааш бүтээгээд явдаг. Яг түүнийг нь мэдрэх, хэзээ яаж дуусгах вэ гэдгээ мэддэг байх ёстой. Д.Намдаг гуайн “Үзэгчдэд юм үлдээ” гэсэн үг бий шүү дээ.
Ер нь сайн уран бүтээлч гэдэг бол хэзээ зогсохоо мэддэг хүнийг хэлдэг юм гэх зэргээр бас ярьдаг шүү дээ. Түүнээс биш, бүтээлээ гоё болгох гээд хэт нуршаад, солонгос кино шиг болгочихож болохгүй л дээ.

-Аливаа уран бүтээл тухайн үеийн тусгал байдаг гэж хэлдэг. Гэтэл урлагийн бүтээл цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн байх ёстой гэсэн онол ч бий. Тухайн цаг үеийнхээ тусгал байх, нийгмээсээ түрүүлж алхах, цагийн аясаар бүдэгрэлгүй үеэс үед гэрэлтэх бүтээл хийх гэсэн гурвалсан холбоог та юу гэж үздэг вэ?
-Энэ бол мөнхийн л сэдэв. Урлагийн түүх гэдэг хичээлийг уран бүтээлч болгонд заадаг.  Хүний амьдрал намтрыг сонсоод байгаа юм шиг мөртөө, тиймэрхүү юм болоход тэр хүн тэгж давсан байна гэдэг л түүх юм билээ шүү дээ. Уран бүтээлч цаг үедээ таалагдахгүй байж болно. Энэ бол хүмүүс хүлээж авч чадахгүй байна гэсэн үг. Тэр нь л цаг үеэсээ түрүүлсэн ч юм шиг. Түүнээс биш тухайн үедээ л хийгдэж байгаа бол тухайн үеийн л бүтээл шүү дээ.

Жишээ нь, миний нэг бүтээлийг 20 жилийн дараа авсан. Авч байгаа хүн нь, би тэгэхэд хэдтэй байсан юм бэ гэж байв. Худалдан авч байгаа хүн гэдэг бол, миний хэмжээнд юмыг харж байгаа, бид хоёр нэг сувгаар хөтлөлцөж байгаагийнх гэж би ойлгодог. Тэгэхээр тэр хүн намайг зурж байхад хүүхэд байсан байна. Зарим нь өөрийнхөө амьдарч байгаа цаг үед таалагдахгүй байгаад, таалагдах үе нь гарч ирэхэд цаг хугацаанаасаа түрүүлчихжээ гэж хэлээд байгаа болов уу даа.

-Тэгвэл энэ цаг үеийн юу нь танд таалагдаж байна, уран бүтээлч хүний хувьд ямар үе вэ?
-Одоо ингээд эргээд харахад, бид  яалт ч үгүй шилжилтийн үеийн, Монголын хамгийн сонин, их ороо бусгаа, тэгэхдээ их гоё үе юм. Социализмын үед гадаад дотоодын боловсрол юмыг үзээд цэгцэрчихсэн. Дараа нь  маш хэцүү юмтай тулаад, даваад гарчихсан.

Монголын урлагийг харахад хэцүү хэцүү үедээ маш сайн бүтээлүүд гарч байсан түүх байдаг. Жишээ нь, 1911 оны  түүхийг харахад яг тийм үе. Тусгаар байдлын төлөө ард түмний оюун санаа маш хүчтэй сэргэсэн. Марзан Шарав эд нарын бүтээлүүд яг тэр хугацаанд гарсан.
Шашны боловсролоор машид гүнзгийрсэн, дээрээс нь үндэсний ухамсар ямар их хүч өгдгийг тэднээс харж болно. Жишээлбэл, 1911 оны тугийг харахад өнөөгийнхөөс гоё дизайнтай. Тэд дизайныг маш сайн мэддэг, өнгөний их том соёлтой хүмүүс байж шүү дээ. Би юу гэж шүүмжлэх гээд байна гэхээр, хүмүүс хуучин юм гоё гээд байгаа боловч яг тэр сайхан юмыг нь олж харахгүй, мэдэхгүй байна. Тэр бол гуниг.

-Уран бүтээлээ хийхдээ бодсон өгүүлэмжээс чинь өөр юмыг хүн мэдэрч байх нь танд сайхан байдаг уу, эсвэл таны мэдрэмжтэй адил байгаа нь таныг баярлуулдаг юм уу?
-Би үзэгчдэд тэгэх болов уу, яах бол гэж ер боддоггүй. Яагаад гэвэл, би үзэгчдэд зориулж юм хийдэггүй. Миний хамгийн хатуу цензуртэй үзэгч бол би өөрөө. Миний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй, таалагдахгүй бол тэгээд л хаяна. Тийм болохоор хүмүүс баярлаад байна уу, дургүйцээд байна уу надад бараг хамаа байхгүй. Гэхдээ бидний хооронд харилцаа үүсэж байна, ойлголцож байна гэдэг талаасаа. миний бүтээлийг ийм тийм байна, гоё байна гэхэд мэдээж хэрэг сайхан л байдаг.
Гэхдээ ховорхон боловч тийм сонирхолтой үзэгчидтэй таардаг л даа. Явж явж хамгийн сонирхолтой нь, бараг Монголоосоо илүү гадныхан илүү их ойлгодог. 

Би таны бүтээл дээрээс юуг нь гэдгээ мэдэхгүй, гэхдээ монгол гэдэг юмыг хараад байна гэж ярьдаг юм. Тэгэхээр урлаг гэдэг бол тайлбар биш мэдрэмж. Үгээр хэлж чадахгүй, сэтгэлийн мэдрэмж, холбоос шүү дээ.

-Зөвхөн үзэгчдэд таалагдах гэсэн бүтээл бол бүтээл биш гэж та хэлэх гэж байна, тийм үү?  
-Би бусдыг сайн мэдэхгүй. Би өөрөө өөртөө тийм л зарчимтай. Өөртөө үнэнч байх, бусдыг хүндэтгэх. Уран бүтээл ямар ч байж болно. Гэхдээ өнөөдрийн цаг үеийн хамгийн сайхан нь контемпрори арт. Сэтгэл зүрхээ өгсөн юмаа хүн юугаар ч яаж ч хийж болно. Заавал үнэтэй, алт мөнгө байх албагүй.

Би саяхан, 10 жилийн өмнө хийсэн морио Сүхбаатар аймагт хөдөө аваачаад тавьсан. Хүмүүс янз бүрээр л хэлдэг юм шиг байна билээ. Мэдээж, бүгдэд нь таалагдахгүй гэдгээ би мэдэж байна. Гэхдээ таалагдах өдөр ирнэ гэдгийг ч би бас мэдэж байна. Миний цаг үе дандаа л тийм байсан. Анхнаасаа л би таалагдсан уран бүтээлч байгаагүй. Таалагдах гэж ч яваагүй. Тийм учраас, бүгдээрээ хараад “Хү ха” гэх ч үгүй, гэх ч ёсгүйг гэдгийг мэддэг. Тэгэхдээ, яалт ч үгүй энэ  ард түмний оюун санааны нэг тал нь гэдгээ би мэддэг, бас тийм байхыг боддог.

-Таны зургийг гадныхан ойлгоод байна гэлээ. Морины бүхэл бүтэн соёлыг бүтээсэн монголчууд шиг морийг ойлгох ард түмэн бий гэж үү?
-Монгол хүн өөр рүүгээ ордоггүй, ойлгоё гэж боддоггүй хүмүүс. Миний зурагт хайртай, гоё үзэгчид олон бий. Гэхдээ морь олон улсын шинжтэй, ямар ч ард түмэн моринд хайртай шүү дээ. Саяхан болтол дэлхийн бүх ард түмний хөл дүүжлэх унаа бол морь л байсан.  
Гадныхан бас “Морио зураад, хайртай амьтныхаа махыг идээд байгааг ойлгодоггүй” гэж ярьдаг л даа. Гэхдээ морь болгон аргамаг сайхан хүлэг биш шүү дээ. Бидний уламжлалт соёлыг дагаад хоолны маань соёл ч тэнд яваа.

-Би адууны мах огт иддэггүй. Тэгвэл би жинхэнэ морины зураач болох юм байна, тийм үү?
-/Инээв/. Тэгвэл та морь гэдэг амьтныг бас л бүрэн ойлгохгүй, мэдрэхгүй шүү дээ.

- Манай зураачдын дунд өрсөлдөөн хэр байдаг юм бэ?
- Зах зээл жижигтэй ч байж л байгаа. Гэхдээ би бол 2005 оноос хойш Монголд үзэсгэлэн бараг гаргаагүй. 2015 онд нэг хувийн галерейд үзэсгэлэн гаргасан. Нийтийн юманд оролцохоо больсон. Гадагшаа л их явсан.

-Тэгвэл таны бүтээлүүд гадагшаа их гарсан гэж ойлгож болох уу?
-Гадаадад их зарсан. Харин манай ахмад зураачдын хийсэн бүтээл бүгд Монголдоо байдаг. Гадна дотнын хүмүүс ирж авна гэдэг ойлголт тэр үед бараг байгаагүй. Харин манай музейнүүдэд тэдний бүтээл дүүрэн байдаг. Бидний үед бол улс орон урлаг соёлоо харахаа байснаас бүтээлүүд маань музей рүүгээ бараг оролгүй, харамсалтай нь гадагшаа их гарсан.

- Олон чиглэл урсгалаар манайхан туурвиж байна. Монголын дүрслэх урлагийн хөгжил аль шатандаа очоод байна вэ. Манай сонгодог уран зураг дэлхийн хэмжээнд очсон гэж хэлж болно биз дээ?
-Юуг, хэний өнцгөөс харж сонгодог гээд байна гэдгээрээ сонгодог уран зураг гэдгийг хэлэх их хэцүү. Европуудын өнцгөөс харж сонгодог гэж байгаа нь Итали, Ромын урлаг. Харин 1910 хэдэн оны маань бүтээлүүд бидний хувьд сонгодог шүү дээ. Ер нь соёл урлаг дээр ч, аль улс орон ноёлж байгаагаасаа хамааран колончлолын бодлого явуулж байдаг. Бусдын урлагийг доош нь хийгээд л. Тэр бол түрэмгийлэл юм. Аз болж сүүлийн 30 жилд дэлхий ертөнц бусдын соёлыг хүлээж авдаг, ялангуяа өвөрмөц, танигдаагүй этникийн соёлыг их анхаардаг, хардаг болсон.


Учир нь, Европын том мастерууд 20-р зуунд бүгд гацаанд орсон. Өөрсдийнх нь сонгодог гээд байсан урсгал нь зогсчихсон. Тэгээд л гэрлийн, өнгөний эрэлд гарч, Арабын, дорно дахины уран бүтээлчдийн зургийг өөрсдийн түвшинд аваачиж тавьсан. Тэр Ван Гог, Пикассо эд нар хар Африкийн урлаг дотроос гарч ирсэн шүү дээ. Тэгээд бодохоор сонгодог гэдэг ойлголт шал утгагүй.

Одоо, Монголын дүрслэх урлаг ямар явж байна вэ, ямар ч хориг саадгүй маш сайхан яваа ч, харамсалтай нь, уран бүтээлчийг дэмждэг сангууд байхгүй болохоор том далайцтай юм хийж чадахгүй байна.

- Хүний нутагт очсон монгол морь нутгаа тэмцдэг агуу чанартай. Өнгөрсөн оны зун гүйгүүл хоёр морины баримтат нэвтрүүлэг гарлаа шүү дээ. Монгол морь нутаг гүйх ухаантай гэдэг домог мэт яриаг 1000 гаруй км гүйсэн хоёр морь харууллаа. Монгол морины тэр ухааныг бүтээлдээ тусгаж байв уу?
-“Нутаг гүйсэн морь” гээд миний зураг бий. Цааш харуулаад зурсан нь ч бий, наашаа ирж байгаагаар ч дүрсэлсэн.
Солонгосоос гүйж ирсэн юм гээд сэтэрлэсэн гээд л намайг хүүхэд байхад ярьдаг байлаа. Сэтэр гэдэг бол “Насанд нь чөлөөлөх” гэсэн төвөд үг шүү дээ. Түүнийг Чингисийг бий болгосон гээд л ярьдаг юм. “Чингисийн эр хоёр загалын тууж” зохиол чинь нутаг гүйж ирсэн морины тухай шүү дээ. Би түүнийг модон баримал болгоод хийж байв.

-Та бүх бүтээлдээ хайртай гэж хэлсэн. Гэхдээ л сэтгэлд тань их ойр бүтээл байж л таараа биш үү?
-Яг л өдрийн тэмдэглэл шиг надтай түүх ярьдаг болохоор би бүх бүтээлдээ хайртай. Залуу байхад энэ маань гоё, хүнд үзүүлэхгүй, хүн авъя гэвэл өгчихнө гээд л гэртээ аваачиж тавьдаг л байлаа. Сүүл рүүгээ тийм биш болсон. Бүтээлийг маань худалдан авсан хүн ч ялгаагүй тэр бүтээлийг маш их хайрласан байдаг. Бүтээл маань яг хүний хувь тавилантай адилхан. Надаас гараад явахаараа байхгүй ч болж болно. Маш гоё газруудаар ч явж болно. Тийм болохоор сэтгэлдээ хүртэл хийх л чухал гэж боддог.
Гэхдээ надад жижигхэн улаан морьтой зураг байдаг юм. Намайг өөр хэлбэр рүү хөтөлсөн гээд түүнийгээ их хайрладаг. Нэг удаа Гэмтлийн эмнэлгийн дэргэд бүүдийсэн саарал орчинд ганц морь тонгойчихсон байсныг харсан. Нээх танил, гоё ахуй байдал санагдаад, тэр морийг зурсан. “Хотын морь” гэдэг цувралын маань эхлэлийг тавьсан учир тэр зураг маань сэтгэлд их ойр байдаг.

-“Хотын морь” цувралынхаа өнгийг та хэрхэн сонгодог вэ. Тухайлбал, өнөө цагийн хотын морь ямар өнгөтэй байх бол?
- Өнгө зохиомж надад чухал ч, би өнгөнд яг тийм утгаар ханддаггүй, их сонин. Энэ ард байгаа цэнхэр зураг бол өнгөрсөн жилийнх. Ер нь, бид хайрцаглагдаж байна шүү гэдэг санаагаар хайрцаг доторх морь, хайрцаг доторх баримлуудыг хийсэн. Бид өнөө иргэншлээ сольж байна шүү дээ. Өөрсдийн гараар хотоо бариад байшин саванд амьдардаг болсон байна. Гэхдээ хууль дүрэм бүх юманд баригдаад, хотжих гээд л, өөрсдөө хотын морьд болчихоод байгаа байхгүй юу.

-Морийг хайрцаглачихаар их өрөвдмөөр юм аа?
-Тэр бол харьцангуй зүйл. Жаргалтай ч юм уу, өрөвдмөөр ч юм уу мэдэхгүй. Би гадаадад байхдаа, сэнс асаачихсан байшинд байгаа морийг харсан. Сайхан ч юм шиг, хэцүү юм шиг. Гол нь бид өөрсдөө тэр зам руу л явж байна.

-Таны гэргий, хүү гээд гэр бүлээрээ уран бүтээлч. Маш сонин сэтгэлгээгээр уран бүтээл туурвидаг гэж та нарыг үнэлдэг. Гэр бүтээлээрээ уран бүтээлч байхад давуу тал, хэцүү тал гэж байдаг уу?
-Өөрөөр амьдарч үзээгүй болохоор, ялгааг нь сайн мэдэхгүй байна. Мэдээж хэрэг ойлголцох талаасаа сайхан л байдаг. Эхнэр, бид хоёр Монголын хамгийн анхны чөлөөт уран бүтээлч. Манай хүү ч бас уран бүтээлч. Хэт орчин үеийн юм хийж байх үед хэцүү үе байдаг л даа. 1990-ээд онд ямар ч хэрэггүй юм хийгээд байгаа ч юм шиг санагдах үе зөндөөн л байсан. Гэхдээ би тийм үед ч үзэсгэлэнгээ гаргаад л гүйгээд байдаг байлаа. Залуу нас гэдэг өөрөө тийм хүчтэй зөвхөн мөрөөдлөөр жигүүрлэдэг гоё цаг үе шүү дээ.
Д.Цэнгэнжавын хамт ярилцав.
Гэрэл зургийг Б.Чадраабал

 
Related news