Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-10 13:32:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс Япон Улстай 2016 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Мөн Ази, Номхон далайн орнуудын Худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон. Одоо БНСУ-тай мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар яриа хэлцэл хийж байна.


Түүнчлэн манай улс ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улсыг багтаасан Евразийн Эдийн засгийн холбоотой түр хугацааны хэлэлцээр байгуулах талаар яригдаж байна.


Монгол Улс хэдийгээр олон улсын болон улс хоорондын ийм хэлэлцээрийг ашиглах боломж байгаа ч тухайн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт тааруу байгааг өнөөдөр МҮХАҮТ-д болсон “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалт, уулзалт хэлэлцүүлгээр хөндлөө.


МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан “Худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг бизнес эрхлэгч нар ашиглах боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, манай улс экспортлох бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн шалгуур шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, түүнд тусгасан тарифын хөнгөлөлтийг эдэлж чадахгүй байх сорилттой тулгарч ирснийг тэмдэглээд, дараа дараагийн хэлэлцээрт энэ талаар анхаарах нь чухал байна гэсэн юм.


Монгол Улс 1997 онд Дэлхийн Худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ хэлцлийг ч ашиглаж чадахгүй байна гээд энд ДХБ-ын Худалдаа, бизнесийн хамгаалалтын арга хэмжээний журмаар жишээ татсан юм.

“Энэ журмын талаар бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар мэдэхгүй байна. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах талын мэдээлэл хомс байна. Уг нь Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн мэдээлэл ГХЯ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон ТББ-уудын сайтад нээлттэй байдаг. Мэдээллээр хангагдсанаар хэлэлцээрүүдийг үр дүнтэй ашиглах боломж бий" гэдгийг онцолж байлаа.


Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрууд болон ЖДҮ-ийн газар хамтран худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлан худалдан авагчидтай холбох талын олон улсын мэдээ, мэдээллийг танилцууллаа. 

Related news