Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Ус хуримтлуулах УЦС барьж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-05 16:02:41

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. АХБ-наас өнөөдөр “Эрчим хүчний шилжилт” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин, ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерэн-Өлзий нар оролцож эрчим хүчний талаар хэрэгжиж буй төслүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулав.


Уулзалтын эхэнд ЭХЯ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тавьсан Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС болон цахилгаан дамжуулах шугам, Эгийн голын УЦС, цэнэг хуримтлуулах станц зэрэг төлөвлөж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт, салбарын үнэ тарифыг индексжүүлж бие даасан тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтыг танилцууллаа.


Сэргээгдэх эрчим хүчний тухайд зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад анхаарч байна гэв. Сүлжээний уян хатан байдлыг хангахын тулд:

  • УЦС,
  • Ус хуримтлуулах цахилгаан станц,
  • Хийн цахилгаан станц,
  • Батарейн хуримтлуурт эх үүсвэрүүдийг хөгжүүлэх нь чухал байгааг мэдэгдлээ.


Дээрх эх үүсвэрүүдийг горим тохируулгын гэдгийг ЭХЯ-ны ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерэн-Өлзий онцлон хэллээ. Энэ үүднээс манай улсад Ус хуримтлуурт УЦС барихаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг, Ерөө голын хөндий зэрэг нийт 60 газрын байршлыг тогтоогоод буйг мэдээллээ. АХБ-ны  дэмжлэгтэй, 100 МВт-ын хүчин чадалтай уг бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г боловсруулаад байгаа бөгөөд уг станц ашиглалтад орсноор жилд 219 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тооцжээ.




Ус хуримтлуулж цахилгаан, эрчим хүч гаргаж ашиглах нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт орох бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь нарны, салхины, усны болон биомассын, мөн далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим хүчээс бүрддэг, байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Эндээс салхины эрчим хүчээр жишээ авахад нөөц сайтай газар нэг км ам дөрвөлжин талбайгаас дор хаяж 7 мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байдаг аж.


Салхин цахилгаан станцуудын суурилсан хүчин чадал жилд 1.100.000 МВт, 2.5 их наяд киловатт цаг (КВт/цаг) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна.


Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин:

-АХБ эрчим хүчний бодлогоо 1981 оноос боловсруулж ирсэн. Дэлхийн нийтээр цэвэр эрчим хүч рүү шилжиж буй өөрчлөлттэй холбоотойгоор АХБ бодлогоо өөрчилж шинэчилж ирлээ. Аль болох нүүрсний төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Парисын гэрээ болон ТХЗ-уудтай уялдуулан нийцүүлж эрчим хүчний бодлогоо шинэчилж байна гэв. 

Тэрбээр, АХБ нүүрсний бус, эрчим хүчний төрөл бүрийн болон шинэ эх үүсвэрийг ашиглах боломжтойг хэлж нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг зэрэг байгууллагын өвлийн улирлын халаалалтыг газрын болон хийн эрчим хүчээр шийдэж буйг хэллээ. 




Улс орнуудын Засгийн газар нүүрснээс татгалзаж, эрчим хүчний шинэ, цэвэр эх үүсвэрийг ашиглах дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ, ашиглалт дээр үнэлгээ хийж, өртөг зардлыг тооцон гаргах учиртай. Ингэснээр салбарын зардлыг бууруулж хямдруулж өөрчлөх боломжтой хэмээн энэ чиглэлээр ажиллаж байгаа Энэтхэг, Казахстан, Узбек зэрэг орны жишээг хэлсэн юм. 



Related news