АНУ, БНХАУ-ын удирдагчид хамтын ажиллагаа ба зөрчилдөөнт асуудлуудыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-03 10:25:58

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мягмар гарагт утсаар ярьж, хоёр улсын хооронд үүссэн зөрчилдөөнийг намжаах асуудлыг хэлэлцжээ. 


Талууд уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодистой тэмцэх чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтын талаар ярилцсан байна. Харин Тайвань болон эдийн засгийн асуудлуудаар хоёр тал санал зөрөлдөөнтэй байлаа.


Ж.Байден Тайванийг дэмжиж байгаагаа онцолсон бол Ши Жиньпин хэлэхдээ, Тайванийн асуудал бол Хятад-АНУ-ын харилцаан дахь хэзээ ч давж болохгүй эхний "улаан шугам" мөн гэжээ. Мөн АНУ-ын зүгээс Хятадын болон Хятадын өмчийн оролцоотой компаниудад хориг арга хэмжээ авсаар байгааг Ши Жиньпин дурдаад, энэ бол Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийг хясан боогдуулах гэсэн эцэс төгсгөлгүй урсгал гэж нэрлэжээ.


Хэрэв АНУ-ын зүгээс Хятадын өндөр технологийн хөгжлийг хясан боогдуулж, Хятад улсын хөгжилтэй холбоотой хууль ёсны эрхийг хязгаарлах аваас бид зүгээр суухгүй гэж Хятадын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Хэдийгээр талуудын дунд санал зөрөлдөөн байсан боловч Цагаан ордон ба Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд яриа хэлэлцээг илэн далангүй, бүтээлч” явагдсан гэж тодорхойлсон байна. Байден, Ши нар хиймэл оюун ухаанаас эхлээд цэргийнхний хооронд шуурхай холбоо барих талаар санал солилцжээ.


"Хоёр талын харилцааг ойрын долоо хоногууд, ойрын саруудын дотор хариуцлагатайгаар зохицуулж чадна гэдэгт найдаж байна” гэж Ж.Байден X хуудсандаа бичжээ.


Утсаар ярих явцад хоёр орны харилцааны төлөв байдлыг төдийлөн хөндөөгүй бөгөөд энэ нь гол асуудал биш байсан байж магадгүй гэж шинжээчид дүгнэжээ. Уилсоны нэрэмжит төвийн Хятад, АНУ-ын асуудал эрхэлсэн Киссинжерийн хүрээлэнгийн захирал Роберт Дэйли хэлэхдээ "Ж.Байдены уриалга нь харилцааны сөрөг динамик өөрчлөгдөөгүй ч гэсэн хоёр улс харилцаагаа эвээр зохицуулахыг эрмэлздэг болохыг дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого байсан" гэлээ.  


Вашингтон Тайванийг дэмжиж, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь эрсдэлийг бууруулах бус харин эрсдэлийг бий болгож байна гэдгийг Ши Жиньпин онцлон сануулжээ. Харин Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Тайваний засгийн газрыг дэмжиж байгаа гэдгээ Ж.Байден үгүйсгээгүй байна.


Америкийн ерөнхийлөгч Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг, Өмнөд Хятадын тэнгист хууль дээдлэх ёс, чөлөөтэй зорчих эрхийг хадгалах нь нэн чухал" гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлжээ. Үүний сацуу Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар, худалдааны бодлогод Хятад улс дэмжлэг үзүүлсээр байгаад сэтгэл дундуур байгаагаа Ж.Байден илэрхийлсэн байна. 


Стимсон төвийн Зүүн Азийн хөтөлбөрийн захирал Юн Суны хэлснээр “Хятадын хувьд Тайвань шиг чухал асуудал байхгүй. Харин АНУ-ын хувьд өөр бусад асуудал бий”. Ноён Р.Дэйли хэлэхдээ, хоёр ерөнхийлөгч ярилцах явцдаа хамтын ажиллагаа, яриа хэлэлцээнд анхаарлаа хандуулж байсан хэдий ч энэ нь хоёр их гүрний хоорондын харилцаа “гэсэж зөөлөрч буйн шинж тэмдэг биш" хэмээн дүгнэжээ


Өмнө нь хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Калифорни муж улсын Сан-Франциско хотноо болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, фентанилын наймааны асуудлыг хэлэлцсэн юм. Энэ уулзалт бол Хятадын тагнуулын агаарын бөмбөлөгтэй холбоотой асуудлын улмаас Бээжин, Вашингтоны хооронд үүссэн зөрчилдөөнийг намжаах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байв.


АНУ-Хятадын харилцаатай холбоотой хэд хэдэн үйл явдлын өмнөхөн хоёр улсын удирдагчид утсаар ярилаа. Ирэх сард Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүнээр сонгогдсон Уильям Лай Чингтэ-гийн тангараг өргөх ёслол болно. Хятадын эрх баригчид түүнийг “асуудал үүсгэгч, салан тусгаарлагч гэж үзсээр иржээ.


Энэ үйл явдал нь Байден, Ши нарыг утсаар ярихад нөлөөлсөн байх магадлалтай гэж Юн Сун хэлэв. Тайванийн засаг захиргааны тэргүүний тангараг өргөх ёслол ойртож байгаа энэ үед Хятад улс АНУ хандаж, болгоомжтой алхам хийх нь зүйтэй гэдгийг онцгойлон сануулах шаардлага бий болсон” гэж тэрбээр дүгнэжээ.


Түүнээс гадна АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн хэд хэдэн чухал дипломат уулзалт удахгүй болох гэж байна. Өнгөрсөн долоо хоногт Америкийн бизнесийн салбарын төлөөлөгчид Ши Жиньпинтэй уулзсаны дараа АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен удахгүй Хятадад айлчлах бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын үед айлчлал хийж магадгүй байна.

 







Related news