Хэнтий аймгийн хэмжээнд 88 тойрогт 91 санал авах байр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-03 16:41:50

Энэ сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Үүнтэй холбоотой ​Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны комиссын бүрэлдэхүүнээ танилцуулна уу?

-Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01-р тогтоолоор аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар,Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Жавхланбаяр, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Д.Борхүү, аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Баясгалан, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн И.Батжаргал, Орон нутгийн өмчийн албаны дарга С.Нямдаваа, Хэрлэн 4-р сургуулийн багш Э.Болормаа гэсэн бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

-Орон нутгийн сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно. Аймгийн сонгуулийн хороо хуулийн дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө 70 орчим хувьтай явагдаж байна. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу сумдын сонгуулийн хороод сонгуульд нэр дэвшсэн 764 нэр дэвшигчдийг бүртгэн үнэмлэх олгоод байна. Мөн санал авах байрны ахлах зохион байгуулагчдыг томилон санал авах байруудад сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргээд байна.

-Сонгуулийн тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, зарим зүйл заалтуудаас тодруулбал?

-Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хууль нь 19 бүлэг 166 зүйлтэй нэлээд томоохон хууль болсон. Энэ хуулийн онцлог нь Улсын Их хурал, Монгол Улсын ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг нэгтгэн нэг хуулиар зохицуулсан явдал юм. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг цагдаагийн байгууллага шалган шүүх шийдвэрлэхээр, харин аймаг сумын сонгуулийн хорооны хувьд сонгууль зохион байгуулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хянан шалгахаар зохицуулсан байна.

-Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн сонгуулийн хороо хэдэн удаа хуралдав? Ямар ямар шийдвэрүүдийг гаргав?

-Өнөөдрийн байдлаар Аймгийн сонгуулийн хороо 10 удаа хуралдаад байна. Хурлаар сумдын сонгуулийн хороодыг зохион байгуулах асуудал болон бусад асуудлыг хэлэлцэн хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сумдын сонгуулийн хороод болон сонгуульд оролцогч намуудад зөвлөмж чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.

-Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулбал?

-Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сумдын сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь байгуулж, сонгууль зохион байгуулахтай холбоотой зөвлөмж арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн мэдээлэл технологийн даамлын сургалтыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран зохион байгууллаа. УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах санал авах байранд ажиллаж байсан ажилтнуудаас энэ удаагийн сум орон нутгийн сонгуульд  тодорхой тооны ажилтнууд нэр дэвшиж байгаа тул тэдгээрийн оронд ажиллах бүрэлдэхүүнүүдийг Сонгуулийн Ерөнхий Хорооны  мэдээллийн сангийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс нөхөн бүрдүүлж ажиллаж байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлэн өгч ирсэн бичиг баримтыг тулган нягтлан шалгаж ажиллалаа.

-Хэдэн төгрөгний төсөв батлагдаж ирсэн бэ? Ямар ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулж байгаа талаараа нээлттэй тайлагнаж болох уу?

-Энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуваарилсан 114579000/ нэг зуун арван дөрвөн сая таван зуун далан есөн мянган/ төгрөгийн төсөвт багтаан зохион байгуулна. Энэ төсөвт сонгууль зохион байгуулах 18 сумын сонгуулийн хороо, 91 санал авах байрны сонгууль зохион байгуулахтай холбоотой бичиг хэрэг, сургалт зохион байгуулах, үнэмлэх маягтууд хэвлэх, тээвэр шатахуун, санал авах байр бэлтгэх, сонгуулийн дүн мэдээ дамжуулах, сонгуулийн тайлан мэдээ хүргүүлэх зэрэг зардлууд тусгагдсаны дагуу төсвийг сумдад хуваарилан өгч зарлага санхүүжилтийг хийж байна.

-Хэнтий аймгийн хэмжээнд Орон нутгийн сонгуульд оролцохоор хичнээн нам эсвлээс хэдэн нэр дэвшигч материалаа бүрдүүлж өгсөн бэ? Ямар шалтгаанаар хэдэн хүн хасагдав?

-Аймгийн хэмжээнд нийтдээ 88 багийн 88 тойрогт 91 санал авах байр ажиллана. Монгол Ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, бие даан нэр дэвшигч гээд нийтдээ 764 хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн хуулийн хугацаанд нь материалаа бүрдүүлэн өгч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад байна. Нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөртэй, хөтөлбөрөө аудитын газраар хянуулсан байх ёстой байдаг. Бие даан нэр дэвшиж байгаа зарим хүмүүс үүнийг мэдэлгүй мөрийн хөтөлбөрөө хянуулаагүй шалтгаанаар 10-аад хүн хасагдсан байгаа. Өр төлбөрийн асуудлаас болоод ганц нэгэн хүн хасагдсан.

-Одоогийн байдлаар аймаг, сумдын сонгуулийн хороонд ирсэн санал гомдол, хүсэлт хэр олон байна? Түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Аймаг сумын сонгуулийн хороонд намуудаас, мөн нэр дэвшигч нараас өргөдөл гомдол хүсэлт ганц нэг ирсэн байгаа. Ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд нь шалгах шаардлагатай бол холбогдох байгууллага руу нь шилжүүлэн ажиллаж байна. Мөн сумдын сонгуулийн хороодод хуулийн хүрээнд нь зөвлөмж зааврыг цаг тухай бүрт нь өгч байна. Сонгуулийн Ерөнхий Хороотой холбогдон эргэлзээтэй зүйлсээ асууж тодруулан ажиллаж байна.

-Цаг агаарын байдал хүйтрэх шинжиндээ орчихлоо. Сонгуулийн санал хураалтын өдөр цаг агаар ямар байх бол? Иргэдийг саналаа идэвхтэй өгүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Аймгийн сонгуулийн хороо Ус, цаг уур, орчны шинжилгээний албатай тогтмол холбоотойгоор цаг агаарын мэдээллийг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар цаг агаар тогтуун хэвийн байна гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ цаг агаар муудлаа гэхэд аймгийн болон сумдын сонгуулийн хороо бүгд эрсдлийн нөөц төлөвлөгөө хийж ажиллана. Аймгийн Онцгой байдлын газар, эрчим гээд бүхий л байгууллагуудаа дайчлан ажиллах болно. Иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцох, оролцохыг уриалсан уриалга гээд өөрсдийн зүгээс шалтгаалж байгаа ажлуудыг сумдын сонгуулийн хороотойгоо хамтран орон нутгийн  телевиз, сонин сэтгүүлээр дамжуулан иргэдэд хүргэж байгаа.

-Нийт нэр дэвшигч болон сонгогчдодоо хандаж?

-Нийт нэр дэвшигч нартаа хуулийн хүрээнд ёс зүйтэй сурталчилгаагаа хийж, бие биенээ хүндэтгэн ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. Сонгогчдодоо хандаж хэлэхэд бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news