БУЛГАН: Монгол хүн сансарт ниссэн өдөр-Булганыхны бахархлын өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-22 11:14:42

Булган, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибекийн хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт ЗХУ-ын Байконуур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн өдөр.


Ж.Гүррагчаа нь 1947 оны 12 дугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал цолтой.



Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. 1978 оноос тэрбээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

 


Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж нэрээ мөнхөлсөн юм.

 


Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургууль хийж байсан Майдаржавын Ганзориг нар “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа тунхагласан юм.

 

Энэхүү өдрийг Булган аймгийн Засаг даргын захирамжаар "Булганыхны бахархлын өдөр" болгон зарлаж, хүндэтгэл илэрхийлэн, хүүхэд залууст алдар гавьяаг нь сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулдаг.



Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгт бэлтгэх комисс байгуулжээ.


Түүнээс жилийн дараа сан­сарт нисэх бэлтгэлд Сүрэн­хорлоо, М.Ган­зориг, Ж.Гүррагчаа, Д.Сайн­цог нарыг сонгон авч оддын хотхонд бэлт­гэлд явуулсан байна. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцсэнээрээ Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн нь тэр байлаа.

 



Related news