Дэд бүтцийг нь сайжруулахгүйгээр Улаанбаатарыг хөгжүүлэх боломжгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
uranatuya@gmail.com
2024-03-14 17:30:06

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдэвт хуралдаанаар Улаанбаатарын эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг хэлэлцлээ.


Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг оролцож, “Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдсан гэсэн үг. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна” гэсэн юм.


Мөн Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Ирэх өвөл БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давах боломжтой болно. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна” гэж байв.  

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос “Бодь интернэшнл” ХХК эхлүүлсэн юм. 2022 онд барилга угсралтын ажил нь эхлээд буй энэ төсөл 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих аж. Одоогоор эхний 150 МВт-н барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Улаанбаатарын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц эрчим хүчээр хангаж буй юм. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрснээр 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох тооцоолол гарсан байна. Эрчим хүчний хэрэглээ нь жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж буй,  цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан нийслэлийн дэд бүтцийг даруй сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй гэдэгтэй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцогчид санал нэгдэж байв.  



Related news