Архангайн номын санд МОНЦАМЭ агентлагийн сонин, сэтгүүл хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-06 17:23:39

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сангийн тогтмол хэвлэлийн фонд нь 1450 багц сэтгүүл, 900 гаруй багц сониноор иргэдэд лавлагаа, номзүйн үйлчилгээ үзүүлж байна.



Аймгийн Нийтийн номын сангийн сонин, сэтгүүлийн архив фонд нь 21 аймгийн хэмжээнд туршлага болсон ажил юм.

Тус номын сангийн тогтмол хэвлэлийн фондод “Намын үнэн”, “Архангайн үнэн” сонины 1959 оноос хойших, “Цог” сэтгүүлийн 1952 оноос хойших бүх сэтгүүл, сониныг архивлаж, уншигчдыг лавлагаа мэдээллээр хангаж байна.


Тухайлбал, “Сэтгүүлч”, “Ухуулагч”, “Шинжлэх ухааны амьдрал”, “Барилгачин” гэх зэрэг тухайн цаг үеүдэд гардаг байсан сэтгүүлийг он оноор нь архивласан байна. Харин сонины тухайд “Намын үнэн” сониноос эхлээд “Засгийн газрын мэдээ”, “Төрийн мэдээлэл”, “МОНЦАМЭ мэдээ”, “Хүмүүн бичиг”, “Шинэ хөдөө”, “Хөдөлмөр”, “Утга зохиол урлаг”, “Пионерын үнэн”, “Тоншуул”, “Энэ хүүхнүүд үү”, “Найрамдлын зам”, “Бөх”, “Таван цагираг” зэрэг нийгэм, соёлын хийгээд тухайн үед гарч байсан “Хувийн амьдрал”, “Хүмүүс”, “Дээдсийн хүрээлэн”, “Маш нууц” зэрэг шар сониныг архивлажээ.


Үүний дотор МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг байсан А5 болон А3 хэмжээтэй хэвлэвэл сонин, сэтгүүлийг 2005-2012 он хүртэл дугаарыг он оноор нь багцлан архивлажээ. Мөн “Хүмүүн бичиг” сонины 1993 оноос хойших дугаарыг хадгалж байна. 




Сонины архивын лавлагаа мэдээллийн үйлчилгээ өдөр бүр харилцан адилгүй байдаг бөгөөд уншигчдын гар дээр “Намын үнэн”, “Пионерын үнэн” болон Архангайн сонинууд түлхүү хүрдэг байна.


Өнөөдрийн байдлаар тус номын сан арван нэр төрлийн сонин, сэтгүүлийг тогтмол захиалж архивлаж байна. 

Related news