Хүнсний хувьсгал: Өндөг, давсны хэрэгцээний 80-аас дээш хувийг дотоодоос хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-05 15:46:52

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтоолын төсөл санаачилж, УИХ-аас 36 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, зургаан сар тутамд бид ажлынхаа явцыг дүгнэж буй. 


Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 65 аж ахуй нэгж, түүний дотор хүнсний 57 үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллага, эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойших бодит үр дүнг тоочвол тухайлбал, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 70 хувьтай хангадаг байсан бол одоо 85 хувьд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов.


Сонгино, саримс, луувангийн дотоодын хангамж өнгөрсөн онд 3-12 хувиар өссөн байна. Махны экспорт түүхэндээ анх удаа өндөр хувьтай гарлаа. Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 үйлдвэр шинээр ашиглалтад орлоо. Өндөг болон давс үйлдвэрлэлийн салбарт эхний хөрөнгө оруулалтууд хийгдэж, ойрын 2-3 жилд дотоодын хэрэгцээний 80-аас дээш хувийг өөрсдөө хангах боломж бүрдсэн байна. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад чамгүй хөрөнгө оруулж байна. Хамгийн сүүлд Ургамал хамгааллын хүрээлэнгийн шинэ байр ашиглалтад орлоо. НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зүгээс уг хөтөлбөрийг дэмжиж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Монгол Улс анх удаа Азийн хөгжлийн банкнаас 700 гаруй сая ам.долларыг хүнсний хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр оруулж ирэхээр боллоо. 


Түүнчлэн нийт 830 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 380 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт, урамшууллыг үзүүлсэн байна. Товчдоо бол нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнээс улбаатай дараагийн үр дүнгүүд ирэх жилүүдэд гарах болно" гэв. 


Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг хэлэлцэхэд чиглэж байсан юм. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод, эрдэмтдийн зөвлөл зэрэг 57 байгууллагын төлөөлөл оролцов.


 


Related news