ДОРНОГОВЬ: Гурван суманд мөсөн зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-29 15:13:07

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн зудын нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагаас үнэлгээ хийхэд 14 сумын гурван суманд төмөр буюу мөсөн зудтай, зургаан суманд цагаан зудтай, гурван суманд цагаанаар зудархуу байна.


Тухайлбал, Дэлгэрэх, Иххэт, Өргөн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд, Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Сайншанд, Хатанбулаг сумын нутгаар цагаан зуд, Хөвсгөл, Эрдэнэ, Мандах сумын нутгаар цагаанаар зудархуу байдалтай байгаа юм.


Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд гуравдугаар сарын 3-нд ихэнх нутгаар явган шуурга, зөөлөн цасан шуурга шуурах аж. Харин хугацааны турш нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх нь.

 

Related news