ДОРНОГОВЬ: Өлгий хийд 280 гаруй жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-29 12:10:41

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах суманд байдаг Өлгий хийдийг 1745 онд байгуулсан бөгөөд 280 гаруй жилийн түүхтэй. Тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай, говийн бүсийн томоохон хийд байжээ.


Тус хийд нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устсан байдаг. Үүнийг Өлгий хийд буюу сөнөсөн хот ч гэж нэрлэдэг. Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурин байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг нь сонин юм. Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаарх материал хомс байдаг хэмээн нутгийнхан ярилцдаг байна.


Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд хийдийг 1990 оноос хойш дахин сэргээж, Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээг нь арай багасган барьсан байна. Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам хуврагууд ном хурж байна.


Хийдийн хуучин дүр төрхөөс үлдсэн зүйл нь Чойр дацангийн хойд талын туурга, лам нарын сууцын байшингийн балгас болон хана туурга, мөн сүм бусад дуган дацангийн буурь аж. Тус хийд сумын нутаг дахь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байрлалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн. Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай.

Related news