БУЛГАН: Зудтай сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-01 17:24:28

Булган, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын а/604 дүгээр захирамжийн дагуу Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил Булган аймгийн 16 сум, 1 тосгонд 90.3 хувь хангагдсан.



 

2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд 37 удаагийн их, бага хэмжээний цас орсон байна. Булган аймгийн нийт нутгаар тал газартаа 3-30 см, хунгарлаж шуурсан газартаа 30-100 см цастай байна.

 

Цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Дашинчилэнд 25 см, Хангал, Рашаант, Бугат, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөрт 15-20 см, Могод, Бүрэгхангай, Баян-Агтад 8-12 см, Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Булган, Сэлэнгэ, Сайханд 3-5 см цастай байна.


Нийт нутгаар нэгдүгээр сард -30 градусыг давж 1-13 хоног,  хоёрдугаар сарын 1-20-ны хооронд 3-10 хоног хүйтэрсэн.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Рашаант сумын нутгаар цасны нягт 0,31-0,47 гр/см3 хүрч төмөр буюу мөсөн зудтай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Баяннуур сумын ихэнх, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын зарим багийн нутгаар хөрлөж хатуурсан цагаан зудтай, Булган, Хангал сумын ихэнх, Сайхан, Бугат, Орхон, Баян-Агт сумын зарим багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.



Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээлийг Баяннуур 90-100 хувийг, Гурванбулаг, Могод, Рашаант, Дашинчилэн сум 85-90 хувийг, Сайхан, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сум 60-85 хувийг, Бүрэгхангай, Хангал, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Булган 60-85 сум зарцуулаад байна.


Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 300 тн өвс /15000 боодол/, 70 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан, малчдад хүргэх ажлыг зохион байгуулсан.

Сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн Бугат, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сум 0-10 хувийг, Баяннуур, Гурванбулаг, Могод, Рашаант, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр сум 100 хувь зарцуулсан байна.

 

Related news