ДОРНОГОВЬ: Мандахын улаан тэмээг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-23 14:41:44

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах  сумын ЗДТГ-аас  “Мандахын улаан тэмээ” наадмыг энэ оны хоёрдугаар сарын 21-нд Будар багийн нутагт зохион байгууллаа.Тэмээчдийн хөдөлмөрийг сурталчлах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан баярт Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн тэмээчид оролцож хурдан тором, хурдан тайлагаа сойсон бол сайхан ингэ,буур, ат шалгаруулах тэмцээн болж шилдгүүдийг шалгаруулав.


Шилмэл ингэ шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Алхан тээг багийн малчин Б.Идэрцогтын улаан буур, дэд байрт Өехий багийн малчин Т.Ганхуягийн улаан буур, гутгаар байрт Сэрвэнбаянхошуу багийн малчин Г.Одхүүгийн улаан буур шалгарсан бол шилмэл ингээр Сэрвэнбаянхошуу багийн малчин Ё.Гэрэлчулууны улаан ингэ, дэд байрт Алхантээг багийн малчин Ж.Мөнхпүрэвийн бор ингэ, гутгаар байрт Алхантээг багийн малчин У.Дэлгэрсайханы улаан ингэ шалгарав.


Сайхан атны шалгаруулалтад Сэрвэнбаянхошуу багийн малчин Н.Баясгалангийн шар ат тэргүүлсэн бол дэд байрт Алхантээг багийн малчин М.Доржсэмбийн цагаан ат, гутгаар байрт Алхантээг багийн малчин Х.Батболдын улаан ат тус тус шалгарав.
Мандах сум өнгөрсөн жил 10 мянган тэмээ тоолуулж байсан бол энэ жил 10.6 мянган толгой болгож өсгөсөн байна. Энэ нутагт өвөл цас бага унасан тул  малчид өвлийг өнөтэй сайхан давж хавартай золгосон аж.

Related news