Астероидын гадаргууд ус байгааг анх удаа илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-02-19 17:20:22

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /CNN/. Усны молекулууд анх удаа астероидын гадаргуугаас илэрсэн нь манай Нарны аймгийн үүслээс эхтэй эдгээр биет нь ердийн нэг хатаж хуурайшсан сансрын чулуулаг биш гэдгийг баталж байна.


"Манай гаргийг мөргөсөн астероидоор дамжин дэлхий үүсэх үед ус ба бусад элементүүд нэвтрэн орж ирсэн байж магадгүй гэж одон орон судлаачид үздэг, тиймээс астероид гэгддэг сансрын биет дээр ус байгааг нотлох баримт олдсон нь уг онолыг баталж магадгүй" гэж судалгааны өгүүлэлд бичжээ.


Энэхүү мэдээллийг өдгөө ашиглалтаас гарсан SOFIA гэдэг хэт улаан туяаны дуран авайнаас цуглуулсан байна. Дуран авайн хэт улаан туяаны камер буюу FORCAST багаж нь Ангараг болон Бархасбадийн тойрог замуудын хооронд орших астероидын бүс дэх Ирис, Массалиа гэдэг хоёр астероид дээр усны молекулууд байгааг илрүүлэх боломжийг олгожээ. Эдгээр астероид нь Нарнаас 360 сая орчим км хол зайд оршдог.


Судалгааны үр дүнг “The Planetary Science Journal” сэтгүүлд нийтэлжээ. “SOFIA”-гийн тусламжтайгаар Саран дээр ус байгааг илрүүлсний дараа уг дуран авайг ашиглан астероидыг судлах урам зориг, сэдэл одон орончдод төрсөн гэж АНУ-ын Сан-Антонио хот дахь Баруун Өмнөд судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Анисиа Арредондо ярилаа.


Өмнө нь Калифорни муж улсын Маунтин-Вью хот дахь НАСА-гийн Ames судалгааны төвийн судлаач, доктор Мэгги МакАдам өөр дуран авайг ашиглан хоёр астероид дээр ус байж магадгүй тухай таамаглалыг дэвшүүлж байсан боловч судлаачид үүнд эргэлзэж байсан ажээ. Харин “SOFIA”-гийн тусламжтайгаар хийсэн сүүлийн ажиглалтаар тэдний харсан зүйл бол үнэхээр ус мөн байсан гэдгийг баттай нотолсон байна.

Related news