БАЯНХОНГОР: Салхины хурд 18-24 м/с хүрч, цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-16 10:29:42

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар баруун урдаас зүүн хойш чиглэсэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээлсэн юм. Шуурганы бүсэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сум багтаж байгаа бөгөөд салхины хурд 16-18 м/с, зарим үед 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурах юм байна.


Мөн энэ сарын 17-нд ихэнх нутгаар хойноос урагш чиглэсэн цасан шуурга шуурч болзошгүй байгааг анхаарууллаа.


Хоёрдугаар сарын 17, 18-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар бага зэргийн цас орох бөгөөд салхи мөн өдрүүдэд түр зуур 20м/с хүрч ширүүсэн, цасан шуурга шуурна.


18-наас хүйтний эрч чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -14-19 градус, Гурванбулаг, Заг, Байдрагийн Хүрэн бэлчир шөнөдөө -33-38 градус, өдөртөө -23-28 градус хүйтэн, говь, хээр талын нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.


Цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах энэ өдрүүдэд иргэд,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

-Жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчих
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Related news