Монгол, Шри Ланка улс хоорондын худалдааг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-14 15:32:31

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Манай улс Энэтхэгт болох олон улсын экспод оролцох, мөн Шри Ланка улстай хамтран ажиллах тухай асуудлаар цахим уулзалтаар ярилцан тохиролцжээ. 

Тодруулбал, энэ оны 11 дүгээр сард Энэтхэгт олон улсын томоохон экспо зохион байгуулагдана. Экспогоор аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, автомашин, барилгын материал, инженерчлэлийн чиглэлээр бизнесийнхний ажил хэргийн нүүр тулсан уулзалтууд болох ажээ.


Экспод оролцох бизнес эрхлэгчид үйлдвэрүүдтэй танилцахаас гадна экспод бараа бүтэгдэхүүнээ дэлгэн сурталчлах боломжтой талаар Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрийн ХАҮТ-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ажит Перера МҮХАҮТ-ын удирдлагатай хийсэн онлайн уулзалтын үеэр мэдээлжээ. Уулзалтад Энэтхэг улсын “MORBI” керамикийн кластерийн төлөөлөгч оролцсон байна.




Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНЭУ, Шри Ланка, Бангладеш, Лаос гэсэн долоон улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд багтдаг. Гишүүн улсуудын хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч дээрх онлайн уулзалтыг зохион байгуулжээ.



Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрийн гишүүн орнуудын хувьд Монгол, Шри Ланка улс хоорондын худалдааг эрчимжүүлэх үүднээс бараа, бүтээгдэхүүнд олгодог тарифын хөнгөлөлтийн талаар, экспортод гаргах боломжит бүтээгдэхүүний талаарх мэдээлэл солилцож, цаашид хамтарч ажиллахаар тохиролцлоо.


Манай улс Өмнөд Азийн арлын орон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка (хуучнаар Цейлон) улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм. 


Нэмж мэдээлэхэд, Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын уулзалт энэ оны нэгдүгээр сарын 22-23-нд БНХАУ-ын Ченду хотод болсон юм.

Уулзалтаар “Ази Номхон далайн ногоон эдийн засгийн тойргийг байгуулах, ногоон хөгжлийг дэмжих ирээдүйн чиг хандлага” сэдэвт Ази номхон далайн аж үйлдвэрийн болон худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн форум, New Year Shopping Festival, Ази номхон далайн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулсан юм.

Уулзалтаар мөн гишүүн орнуудын баримтлах зарчим, бодлогын баримт бичиг, 2024-2028 оны үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.

Related news