АНУ-д нийлүүлэх барааны хэмжээгээр Мексик тэргүүлж эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-08 15:17:09

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 8 /Kyodo/. 2008 оноос хойш АНУ-д нийлүүлэх барааны хэмжээгээр тэргүүлсээр ирсэн Хятад улс өнгөрсөн онд энэ байр сууриа Мексикт алдсаныг лхагва гарагт танилцуулсан албан ёсны худалдааны тайлан мэдээлэл харууллаа. 


Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Азийн хүчирхэг гүрэн Хятадаас холдох эрмэлзэлгүй байгаагаа мэдэгдсээр байгаа буй энэ үед Америкийн эдийн засаг Хятадаас хамаарах нь багассаныг дээрх мэдээлэл нотолж байна. Тодруулбал, 2023 онд Хятадаас АНУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос 20.3 хувиар буурч, 427.23 тэрбум ам.доллар болсон нь нийт импортын 13.9 хувийг эзэлсэн тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан худалдааны тэнцлийн тайланд дурджээ.


Харин АНУ-ын Мексикээс импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онтой харьцуулахад 4.6 хувиар өсөж, 475.61 тэрбум долларт хүрснээр импортын 15.4 хувийг эзэлсэн байна. Хятад улс 2015-2018 оны хооронд АНУ-ын нийт импортын 20 гаруй хувийг эзэлж байжээ. Өнгөрсөн онд Мексик, Хятадын араас Канад /13.7 хувь/, Герман /5.2 хувь/, Япон /4.8 хувь/ удаалсан байна.


Ж.Байдены засаг захиргаа Хятадыг геополитикийн өрсөлдөгч гэж үзээд үндэсний аюулгүй байдлын үүднээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улстай хийх худалдаанд хэд хэдэн хориг тавьсан юм. Өмнөх ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд олон удаагийн татвар ногдуулснаас хойш Америкийн импортод Хятадын эзлэх хувь тогтмол буурсаар иржээ.


АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал өнгөрсөн онд 2010 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч, 279.42 тэрбум ам.доллар болсон нь цар тахлын дараа дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт гарсантай холбоотойгоор тус улсаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч байгаа үетэй давхацжээ.


Хагас дамжуулагч болон бусад чухал бүтээгдэхүүнүүд хомсдоход хүргэсэн цар тахал нь нийлүүлэлтийн сүлжээг Хятадаас хамаардаг байдлыг багасгаж, АНУ ба түүний холбоотон, ойрын харилцаат орнуудын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд түлхэц өгчээ.



Related news