ХЭНТИЙ: Ж.Бөхчулуун сүүлийн гурван жилийн хугацаанд найман өрхийг 1371 малаар малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-05 15:41:19
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Батноров сумын Идэрмэг багийн малчин Жавсанжавын Бөхчулуун сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин” болж, шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сум орон нутгийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.

Ж.Бөхчулуун гуай багаасаа мал маллаж, 1976-1978, 1981-1991 онд “Социализмын зам” нэгдэлд үхэрчин, 1978-1981 онд Худалдаа үйлчилгээний ангид “Агент”, 1991 оноос Батноров сумын Идэрмэг багт ардын аж ахуйтан, малчнаар өнөөг хүртэл 50 шахам жил хөдөлмөрлөж явна.

Тэрбээр нэг үе малаа өсгөж сум, аймагтаа хамгийн их малтай малчдын нэгээр тооцогдсон ч бэлчээрийн доройтол, гарцаас шалтгаалан малын тоонд бус чанарыг чухалчилж байна. 30 шахам тэмээ, 400 гаруй адуу, таван хошуу 1000 гаруй малтай. Ботгоо уяж, номхруулан сургадаг. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд цас зудтай, цаг хүндэрч хавартай золгож байна. Үүнд залуу малчдын зүрх зориг мохох байдал анзаарагдлаа. Хашир туршлагатай малчдаасаа зөвлөгөө авч шантарч болохгүй гэдгийг тэрбээр захилаа.

Ж.Бөхчулуун гуай сүүлийн гурван жилийн хугацаанд найман өрхийг 1371 малаар малжуулж, төллөх 100 эх малаас 100-117 хувиар төлөө бойжуулсан байна. Мөн сумынхаа төрийн байгууллагууд, ЕБС-тай хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагын хүрээнд аливаа үйл ажиллагааг дэмжин оролцдог байна.

Тэрбээр 1984 онд сумын тарга хүчний аварга, 1985 онд үхэр сүргээр “Сумын мэнд сүрэгтэн”, 2002 онд “Мянгат малчин”, 2012 онд “Сумын сайн малчин”, 2018 онд “Аймгийн аварга малчин” болсон бөгөөд Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, 2013 онд “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2023 онд Алтан гадас одонгоор тус тус шагнуулжээ.

Аварга малчдад Засгийн газрын шагнал болох цом, агар зандан хувин, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий таван ханатай гэр, ХХААХҮ-ийн сайдын гарын бэлэг, аймгийн Засаг даргын гарын бэлгийн хамт гардуулан өгч байна.

Related news