Ойрхи Дорнодод Америкийн гурван цэрэг амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-29 12:13:44

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 29 /BBC/. Сиритэй залгаа Йорданы хилийн ойролцоох АНУ-ын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас Америкийн гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархаджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг халдлагыг Иранаас дэмжлэг авдаг радикал зэвсэгт бүлэглэлүүд үйлдсэн гэж мэдэгдээд, бид хариуг нь өгөх болно хэмээн хэлсэн байна. ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израил руу халдан довтолсноос хойш тус бүс нутагт Америкийн цэргүүдийн аминд хүрсэн анхны тохиолдол энэ болж байна.


Халдлага Йорданы нутаг дэвсгэрт бус Сирид болсон гэж Йорданы тал мэдэгджээТус бүс нутаг дахь АНУ-ын баазууд өмнө нь халдлагад өртөж байсан хэдий ч хүн хүчний гарз хохирол амсаж байгаагүй юм. Сүүлд болсон халдлагын ард хэн байгаа нь одоогоор тодорхойгүй байна.


Ж.Байден хэлэхдээ, бид буруутай бүх этгээдэд хариуцлага хүлээлгэх болно гэжээ. Тэрбээр халдлагын талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон бусад албаны хүмүүсээс ням гаргийн өглөө мэдээлэл авсан гэж Цагаан ордон мэдэгджээ.


“Тэдгээр дайчид жигшүүрт халдлагын улмаас амиа алдсанд Жилл бид хоёр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна гэж Ж.Байден мэдэгджээ. Холбогдох албаныхан ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байгаа тул амиа алдсан, шархадсан цэргүүдийн нэрсийг одоогоор зарлаагүй байна.



Related news