Сирийн асуудлаарх олон улсын уулзалт Казахстаны нийслэлд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-26 14:32:36

АСТАНА, 2024 оны нэгдүгээр сарын 26 /Anadolu/. Астанагийн үйл явцын хүрээнд Сирийн асуудлаарх олон улсын 21 дэх удаагийн уулзалт Казахстаны нийслэлд боллоо.


Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний явцад талууд Сирид үүссэн нөхцөл байдлыг иж бүрнээр зохицуулах хүчин чармайлт, хүмүүнлэгийн байдал, зэвсэгт мөргөлдөөний дараа тус улсыг сэргээн босгох ажилд дэмжлэг тусламж үзүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дайчлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ гэж Казахстаны Гадаад хэргийн яам мэдэгдэв.


Уулзалтын дараа батлан даагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар, Сирийн эрх баригчид ба сөрөг хүчний төлөөлөгчид Казахстаны болон гадаадын сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийжээ. 


Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев тэргүүлэн оролцсон байна. Турк улсаас Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз, Иран улсаас Гадаад хэргийн сайдын улс төрийн тусгай асуудал эрхэлсэн ахлах туслах Али Асгар Хажи тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. НҮБ-ын төлөөлөгчдийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн орлогч Нажат Рочди тэргүүлсэн байна.


Түүнчлэн Иордан, Ливан, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, Олон улсын Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын ажиглагчид уулзалтад оролцов.


Уулзалтын дараа батлан даагч орнууд мөн Газын зурвас дахь Израилын ажиллагаа, Курдийн салан тусгаарлах үзэлтнүүдийг буруушаасан хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Related news