Туркийн парламент Шведийн хүсэлтийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-23 14:51:47

АНКАРА, 2024 оны нэгдүгээр сарын 23 /Reuters/. Мягмар гарагт болох Туркийн парламентын нэгдсэн хуралдаанаар НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг хэлэлцэх төлөвтэй байна гэж парламент дахь гурван эх сурвалж мэдээлжээ.


Парламент хүсэлтийг баталсны дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хуульд гарын үсэг зурснаар барууны зарим холбоотон улсын бухимдлыг төрүүлсээр ирсэн урт удаан үйл явц эцэслэх төлөвтэй байна.


2022 онд Оросын цэрэг Украин руу халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх хүсэлт гаргасан юм. Гэвч НАТО-гийн гишүүн Турк улс "террорист бүлэглэлүүдийг тус хоёр улс өмгөөлж хамгаалдаг" гэж үзээд гишүүнчлэлийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн билээ.  


Турк улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Финландыг гишүүнээр элсэхийг дэмжсэний сацуу Европын Холбоо, АНУ-ын зүгээс террорист бүлэглэлүүдийн жагсаалтад оруулсан Курдистаны Ажилчны намын гишүүдийн эсрэг байр сууриа чангатгахыг Шведээс шаардсаар байв.


Үүний хариуд Шведийн тал терроризмтой тэмцэх тухай шинэ хуулийн төслийг танилцуулсан юм. Мөн Швед болон НАТО-гийн гишүүн Финланд, Канад, Нидерланд улсууд Туркэд зэвсэг нийлүүлэх бодлогоо зөөлрүүлэх алхмуудыг хийсэн байна.


Р.Эрдоган 10 дугаар сард Шведийн хүсэлтийг парламентад танилцуулсан боловч соёрхон батлах шийдвэр нь АНУ-аас Туркт F-16 сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрөх эсэхээс хамаарна гэдгийг сануулан дурдсан юм. Цагаан ордон сөнөөгч онгоц нийлүүлэх хэлцлийг дэмжиж байгаа хэдий ч Конгресс хэзээ батлах нь тодорхойгүй байна. Энэ нь Турк улс НАТО-г өргөжүүлэхэд саад учруулж байгаа, тус улсад гарч буй хүний эрхийн зөрчил зэргээс шалтгаалж байгаа юм.


Энэ сарын эхээр Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай хэлэлцээ хийснийхээ дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Туркийн парламент Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг “ойрын долоо хоногт” батална гэдэгт найдаж байна гэж мэдэгджээ. Туркийн парламентын Гадаад бодлогын хороо Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг өнгөрсөн сард баталсан нь соёрхон батлах эхний алхам болсон юм.

Related news