Б.Нетаньяху ХАМАС-ын тавьсан нөхцөлөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-22 17:24:06

ИЕРУСАЛИМ, 2024 оны нэгдүгээр сарын 22 /CNN/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг сулласны хариуд дайныг зогсоох ХАМАС бүлэглэлийнхний шаардлагыг хүлээж авахгүй гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ням гарагт мэдэгджээ.


“Би энэ тал дээр цаг наргүй ажиллаж байгаа. Гэхдээ тодорхой хэлье, би ХАМАС-ын мангасуудын тавьж буй нөхцөлөөс шууд татгалзаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Б.Нетаньяхугийн хэлснээр, барьцаалагдсан хүмүүсийг сулласны хариуд дайныг зогсоож, Палестины хоригдлуудыг суллаж, Израилын цэргийг Газын зурвасаас татахыг ХАМАС бүлэглэл шаарджээ. “Хэрэв бид үүнийг зөвшөөрвөл манай цэргүүд амь насаа хий дэмий золиосолсон хэрэг болно. Зөвшөөрсөн тохиолдолд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах боломжгүй болно” гэж Ерөнхий сайд хэлсэн байна. 


АНУ, Египет, Катар улсууд барьцааны хүмүүсийг суллаж, Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргах асуудлаар ХАМАС-тай хийх хэлэлцээнд Израилыг татан оролцуулах хүсэлтэй байна гэж Wall Street Journal сэтгүүлд мэдээлээд байгаа энэ үед Б.Нетаньяху дээрх мэдэгдлийг хийжээ.

Related news