АРХАНГАЙ: “Winterland ice festival”-д ирсэн жуулчдад ямаа бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-13 21:13:19

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Winterland ice festival” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эл өдөр тус эвэнтийн өөр нэг гол үйл ажиллагаа нь “Нэг жуулчин-Нэг ямаа” төслийн танилцуулга байв.

 

Тус төслийн танилцуулгыг 19 сумын Мал эмнэлгийн үржлийн албаны мэргэжилтэн, малчдын төлөөлөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар танилцуулан, мэдээлэл өглөө.

 

Архангай аймаг энэ онд зуун мянган жуулчин хүлээн авахаар зорьж, нутгийн онцлогт тулгуурлан дөрвөн улирлын турш зохион байгуулах эвент "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийг ийнхүү хэрэгжүүлэхээр боллоо.

 

"Нэг жуулчин-Нэг ямаа" төслийн түүчээ болгож “Winterland ice festival”-ийг зорьж ирсэн жуулчдад эхний ээлжийн ямаануудыг бэлэглэлээ.


Энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйг түшиглэсэн, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, малчин ахуй соёлыг дэлхийд сурталчлах, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг нэн чухал зорилтуудыг агуулж буй юм.



Related news