ТӨВ: Өнгөрсөн онд Зуунмод суманд 5000 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-09 17:38:57

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Зуунмод суманд 20000 модыг тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Зуунмод цэцэрлэгжүүлэлт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэргэжилтнээс тодрууллаа.


-Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа хуваалцвал? 


-“Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд аж ахуй нэгж, байгууллага, иргэдтэйгээ хамтран 5000 ширхэг модыг тарьж ургуулаад байна.


Байршлын хувьд төвийн хэсгийн ногоон байгууламжийн хашаануудад цэцэг навчаараа гоёдог голтбор мод, хүүхэд багачуудад зориулж чацарганы төгөл, салхины хамгаалалтын зориулалтаар Одонт хөтлийн ногоон байгууламжийн хашаанд мод тарьж, арчилж байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард цэнэг услалтыг хангалттай хийж өгсөн учраас тарьсан модны ургалт 98 хувьтай байв. Мөн Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан 100.000 ширхэг цэцгийг тарьж ургууллаа.


Цаашид хаврын цэнэг услалтыг хангалттай сайн хийж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн талаар сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж байх төлөвлөгөөтэй байна.


Энэхүү эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсэд иргэд, аж ахуй нэгж, тэр дундаа малчид, мал бүхий иргэд хамтран ажиллаасай хэмээн хүсч байна” гэв. 


Related news