БУЛГАН: Бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-09 16:52:12

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймгийн бэлчээр нутгийн өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрч гарсныг аймгийн ХХААГ- аас мэдээлэв. 

2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолбол нийт нутгийн 48.8 хувь нь бэлчээрийн нөөцтэй. Харин 18.7 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.9 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 0.9 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 1.7 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

Сумын дүнгээр авч үзвэл, Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрч гарсан байна. Сайхан сумын Угалз багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч, Бүрд багийн нутгаар 3-5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарлаа.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. 



Related news