БУЛГАН :Зөгийн балын амт чанар ямар цэцгийн тоос хүртсэнээс хамаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймаг 2025 онд 3 аж ахуйн нэгж, 28 иргэн 566 бүл зөгий үржүүлж, жилд дунджаар 2,9 тонн зөгийн бал болон дагалдах бүтээгдэхүүн авч, хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.
Булган, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Бугат, Тэшиг, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумд зөгийн аж ахуй эрхлэх бүс нутаг болоод байгаа юм. Энэ удаа Сэлэнгэ сумын зөгийчидтэй уулзаж ярилцлаа.
Сэлэнгэ сумын зөгийчин Н.Цэрэнбумаа: Би нийтийн хоолны технологич мэргэжилтэй. 2009 онд тэтгэвэртээ гараад анх 10 бүл зөгий аваад үржүүлж байна. Зөгий бол маллаж байгаа эзэндээ ямагт эрүүл энхийг бэлэглэгч амьтан. Саяхан л зөгийчин болж байсан бол зөгийний компаниа байгуулаад нэг л мэдэхэд 15 жил болсон байна. Одоо 70 бүл зөгийтэй. Зөгийн аж ахуйг улсаас их дэмждэгт баярладаг.
Японоос мэргэжлийн хүмүүс ирж хичээл
заасан, Азийн хөгжлийн банкнаас зөгийн аж ахуйг хөгжүүлэх 50 хувийн хөнгөлөлттэй
хөтөлбөрт хамруулсан гээд олон давуу эрх эдэлсэн. Бид нэг бүл зөгийнөөс жилд дунджаар 15 кг бал авдаг. Зөгийчин хүнд хамгийн чухал зүйл
гэвэл дулаан зоорь, зөгийний үүр хэрэгтэй болдог. Үүр хайрцаггүй бол
зөгийгөө тэжээж бал цуглуулахад хэцүү, дулаан зоорьгүй бол өвөлжих аргагүй шүү дээ. Бид ковидын үед хөл хориотой байсан
болохоор ихэнх зөгийнүүдээ үхүүлж байлаа. Гэлээ ч хөдөлмөр зүтгэлээрээ дахин
зөгийжиж одоо амжилттай ажиллаж байна. Зөгий, зөгийчин хоёрын
хөдөлмөр бол цэцэг ургахаас л их хамаардаг. Ялангуяа гурвалжин будааны
цэцэг хамгийн чанартай .
Малчид, уурхайчид, тариаланчид гэдэгтэй утга нэг зөгийчид гэж нэрлүүлэхдээ би ямагт бахархаж явдаг. Тариаланчид тариагаа хурааж, малчид цагаан идээгээ боловсруулдаг бол зөгийчид бид балаа цуглуулж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр иргэдээ дайлж байгаадаа бахархаж явдаг даа.
Сэлэнгэ сумын зөгийчин Б.Мядагмаа: Би анх Цэрэнбумаа гуайгаас 5 бүл зөгий авснаар зөгийчин болох ажлаа эхэлсэн. Одоо 6 бүл зөгийтэй, жилд дунджаар 20 кг бал авдаг. Зөгийн бал ямар цэцгийн бал вэ гэдгээрээ онцлог байдаг. Моносны, бургасны, зэрлэг цэцэг, рабус гээд зөгийгөө бэлчээрт гаргаснаараа тухайн цэцгээсээ хамаараад бал нь янз янз байдаг. Бид балаа хэрэглэгчдэдээ өгөхдөө шингэн, өтгөн болон ямар цэцгийн бал гэдгээр нь тайлбарлаж өгдөг юм. Би зөгийтэй холбогдсоноороо сэтгэл хангалуун явдаг.
Сэлэнгэ сумын зөгийчин Г.Цогзолмаа: Би тэтгэвэртээ гарснаас хойш өөрийнхөө сонирхлоор зөгийчин болсон. Одоогоор 15 бүл зөгий үржүүлж байна. Балын гарц бол жил жилээр өөр өөр байдаг. Нар хур тэгширсэн жил балын гарц ахиу байдаг. Зургаан жил зөгий үржүүлж байна. Зөгийгөө 11 дүгээр сард дулаан зооринд нь хийгээд 3 дугаар сарын 26-28-ны үед гаргадаг. Элсэн чихрийн уусмалаар тэжээж байсныгаа цэвэрлэдэг. Зооринд байх үед нь ч бид шалгадаг. Манай зөгийчид байнга холбоотой байж бие биетэйгээ зөвлөж, тусалж, туршлагаа хуваалцдаг эвсэг сайхан хамт олон.
Сэлэнгэ сумын зөгийчин Б.Гэрэлмаа: Би 2017 оноос зөгийчин болох замналаа эхэлсэн. Нэгэнт л зөгийчин болсон бол орхиж болдоггүй тийм л нандин ажил гэдгийг мэдэрсэн. Үнэхээр ч тийм юм билээ. Анх Отгонжаргал найз маань зөгийтэй холбож өгсөн. Зөгийчин болоод 9 дэх жилдээ ажиллаж байна. Зөгийн балыг байгалийн цэвэр шар тос гэдэг.
Сэлэнгэ сумын зөгийчин О.Болормаа: Зөгийчин болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Зөгийтэй нэгэнт холбогдсон хүн бол орхиж болдоггүй сайхан ажил юм. Манай суманд зөгийчид олширч байгаад баярлаж явдаг. Яагаад гэвэл зөгийчид олшрох тусмаа бие биедээ дэмтэйгээс гадна сумынхаа иргэдийг зөгийн балаар хангалттай хангана өгнө гэж боддог. Энэ бол зөвхөн миний л бодол. Зөгийн балын нэг онцлог гэвэл 100 жил хадгалсан ч чанараа алддаггүй гэж ярьдаг юм билээ.
ЗӨГИЙН ХЭЛ “МЭДДЭГ” ЦЭЦГИЙН БАЛЫН ЭЗЭД...
Зуу жилээр торхонд нь хадгалсан ч муудахгүй зөгийн балын ач тусыг иргэддээ мэдрүүлсэн, Сэлэнгэ сумын зөгийчид бол цэцгийн амтат балыг бяцхан жигүүртнээр цуглуулан боловсруулж, түмэн олныхоо эрүүл энхийн төлөө нар, бороо, салхи, шуургийг сөрөн туулж яваа цуцашгүй хөдөлмөрчид юм.
Ногоон, улаан, цэнхэр, шар хөх зэрэг солонго шиг гэрэлтэх өнгө өнгийн модон хайрцагт бөөцийлөгдсөн бүл бүл зөгийг
гаршуулан тэжээж үр шимийг нь хүртэнэ гэдэг тийм ч амар ажил биш ажээ.
Одоогоос хагас жарны тэртээгээс буюу өөрөөр
хэлбэл, хувийн хэвшил дэлгэрсэн тэр л цагаас хойш эдүгээг хүртэл зөгийчид
хэмээх нэр томъёо манай улсад шинээр гарч ирсэн төдийгүй улс орны аж ахуйн
хэрэгцээнд тус нэмэр болон өргөжин тэлснээр, экспортын бүтээгдэхүүнд ч нэрээ багтааж, хилийн дээс алхах болсон
нь үе үеийн зөгийчдийн мятаршгүй их хөдөлмөрийн үр шим юм.
Цэцэг болгон өөр өөрийн бие даасан анхилам
үнэр, тоос болгон нь өвөрмөц амт шимтэй бөгөөд тэр болгоныг зөгийчид
андахгүй мэддэг аж.
Ямар цэцгийн тоосыг хүртсэнээс хамаарч
балын амт чанар шалтгаалдаг тухай зөгийчид маань бахархалтайгаар ярьж байна.
Тэр ч байтугай тэндхийн цэцэг тийм
үнэртэй, эндхийн цэцэг нялуун, гашууныг хүртэл андахгүй мэдэхийн зэрэгцээ
цэцэг цэцгийн сайхантай газар өнөөх хайрцагтай бүл зөгийнүүдийнхээ гэр
оронг нүүлгэн тавьж “өргөн
айлсалт” хийдэг тухайгаа бахархан
өгүүлцгээж байлаа.
Ганц жижигхэн нүхээр орж, гарч байгаа сая
сая зөгий яг л нэг команданд орсон дивиз цэргийг санагдуулмаар
сонирхолтой гээч.
Өмнө нь жижиг саванд ус хийгээд тавьчих юм. Хол ниссэн зөгийнүүд нь алжаалаа түр тайлан ундалдаг гэнэ. Гэхдээ бас их учиртай, зөгийнүүдээ хөл алдуулж живүүлэхгүйн тулд усан дотроо мод зомголон “бяцхан сал” хийж өгсөн байх юм. Живсэн зөгий л тааралдсангүй тэд лав ус уугаад сурчихжээ.














Ulaanbaatar