БУЛГАН: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд малчин бүр оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-04 12:24:19

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, "Нэг жуулчинд - Нэг хонь" төсөл хөтөлбөрийг танилцуулахаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг суманд энэ сарын 2-5-нд ажиллаж, иргэд, малчдын төлөөлөлтэй уулзалт хийж байна.

 

Аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг нутгийг иргэд хүртдэг байх, тогтвортой, урт хугацааны орлоготой байлгах нэг эх үүсвэр нь "Нэг жуулчинд-Нэг хонь" хөтөлбөр гэдгийг онцолж, салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн бол аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ саяхан БНСУ-ын “Wannabe групп”-тэй хийсэн хамтын ажиллагааны хүрээнд төсөлтэй холбоотой хийхээр болсон төлөвлөгөөт ажлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.


Уг төсөл хөтөлбөр нийт малчдад хэрэгжсэнээр өвлийн тэг зогсолтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг дэмжих, хөдөө аж ахуйн эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж үзэж байна.

 

Өнгөрсөн онд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар тус хөтөлбөрийг Булган аймагт эхлэн хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн.


Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт ихээхэн ахиц дэвшил гарч, Монгол Улсад 644 899 жуулчин ирсэн ба жуулчдын дийлэнх нь зуны улиралд ирсэн байна. 




Related news