ӨМНӨГОВЬ: Төрийн архивын шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-26 14:14:20

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Төрийн архивын шинэ барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

 

Төрийн архив нь 65 жилийн түүхтэй 1930 оноос хойших  тавин мянга гаруй түүхийн үнэт баримтыг өвлөн хадгалж байна.

 

Тухайн нутаг орны түүхийн үнэт өв, баримтыг өвлөн хадгалж байдаг гэдгээрээ Архивын байгууллага чухал ач холбогдолтой салбар юм. Иймд аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Төрийн архив”-ыг зориулалтын байртай болгох зорилгоор орон нутгийн төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьж ашиглалтад орууллаа.


 

Тус барилга нь нийт 1200 м.кв талбайтай, 2 хадгаламжийн сантай, гал унтраах хийн болон агааржуулалтын автоматжуулсан системтэй, баримт зөөвөрлөх зориулалтын лифттэй, уншлагын танхим, арга зүйн танхим, 60 хүний сургалтын заал, байнгын үзэсгэлэнгийн танхим бүхий “Архивын барилгын стандарт”-ын дагуу барьсан орчин үеийн хийцтэй байгууламж юм.



 

Төрийн архивын барилгыг 21 аймгаас анхлан орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан, архивын баримтын хэрэгцээ өсөн нэмэгдэх хурдыг тооцож цаашид 60 жилийн нөөцтэйгөөр архивын барилгыг барьж байгуулж байгаа зэргээрээ онцлогтой.

 

Related news