“Voyager 1” хөлөг Дэлхийгээс холбоо тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-14 14:31:33

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /CNN/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ Voyager 1 сансрын хөлөгт компьютерын доголдол гарсны улмаас НАСА-гийн багтай холбоо тасраад байна.


Одоо НАСА-гийн инженерүүд үүссэн доголдлыг арилгахаар ажиллаж байна. Ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн турш ажиллаж буй уг аппарат Нарны аймгийн гадна орших, урьд өмнө нь судлагдаж байгаагүй сансар огторгуйн орон зайг судалж байгаа юм.


Voyager 1 одоогоор дэлхийгээс 24 тэрбум километрийн зайд буюу хамгийн алс хол аялсан сансрын хөлөгт тооцогдож байгаа бол түүний ихэр Voyager 2” манай гаргаас 20 тэрбум километр хол зайд байгаа юм. Хоёр хөлөг одод хоорондын орон зайд байгаа бөгөөд хелиосферээс цааш ажиллаж чадсан сансрын хөлгүүд юм.


Анх таван жил ажиллахаар зохион бүтээгдсэн Voyager” сансрын хөлгүүд түүхэн дэх хамгийн удаан ажиллаж буй аппарат гэж тооцогддог ба олон арван жилийн өмнө Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гаргуудын хажуугаар нисэн өнгөрөх даалгавраа биелүүлснийхээ дараа Нарны аймаг болон түүнээс цааших орон зайн талаарх чухал нэмэлт мэдээллүүдийг дамжуулсаар иржээ.

Related news