“Psyche” хөлөг эхний зургуудаа илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-07 11:50:47

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ Psyche” сансрын хөлөг алс хол орших одны талбарыг буулгасан эхний зургуудаа илгээжээ.


Энэ оны 10 дугаар сарын 13-нд Флорида муж улс дахь сансрын төвөөс хөөргөсөн Psyche” нь металлаар баялаг ижил нэрт астероидыг судлах АНУ-ын анхны хөтөлбөр юм. Даваа гарагт уг хөлгийг хариуцсан баг Psyche”-ийн хос камерыг асааж, эхний зургуудыг хүлээж авсан нь first light” гэж нэрлэгддэг чухал үйл явдал болсныг НАСА онцолжээ.


Тодруулбал, хос камераас бүрдэх уг зураг авагч хэрэгслээр Загасны ордны одны талбарт нийт 68 зураг авсан байна. Улмаар зураг дүрслэлийн баг тэдгээр өгөгдлийг зөв командлах, телеметрийн шинжилгээ хийх, зургийн тохируулгыг баталгаажуулахын тулд ашиглаж байгаа ажээ.


НАСА-ийн мэдээлснээр, Psyche 10 дугаар сарын 13-нд дэлхийгээс хөөрснөөсөө хойших найман долоо хоногийн хугацаанд тойрог замд амжилттай ажиллаж, шинжлэх ухааны багажуудаа ажиллуулж, удирдлагын төв рүү мэдээлэл дамжуулжээ. Сансрын хөлөг "16 Psyche” астероидод хүрч очихын тулд 3.5 тэрбум гаруй км замыг туулах юм. 

Related news