Японы “SLIM” аппаратыг Саран дээр газардуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-01 12:11:27

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Yonhap/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “SLIM” гэдэг нэртэй ухаалаг буугч аппаратаа Саран дээр газардуулах оролдлогыг ирэх нэгдүгээр сарын 20-ны орчимд хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд NHK телевизэд мэдээлжээ.


Энэхүү даалгавар амжилттай хэрэгжвэл Япон улс нь ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа Саран дээр төхөөрөмжөө газардуулж чадсан тав дахь орон болно. JAXA энэ есдүгээр сард Кагошима мужид байрлах Танегашима сансрын буудлаас “SLIM”-ийг хөөргөсөн юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, JAXA уг төхөөрөмжийг 12 дугаар сарын 25-нд Сарны тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Улмаар нэгдүгээр сарын 20-ны шөнө дундын орчимд Сарны гадаргуу руу доошилж, 20 минутын дараа газардана гэж төлөвлөсөн байна.


Уг аппаратыг Саран дээр нэгдүгээр сарын сүүлчээс хоёрдугаар сарын эхээр буулгахаар анх төлөвлөж байжээ. JAXA-гийн мэргэжилтнүүд төхөөрөмжийг тогтоосон байршлаас 100 метрийн радиус дотор буулгаж, өндөр нарийвчлалтай газардах технологийг харуулахыг зорьж байна.


Ийнхүү төлөвлөсний дагуу амжилттай газардаж чадвал Сар хэрхэн үүссэн талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд Сарны чулуулгийн найрлагыг судална. SLIM төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг АНУ-ын “Artemis хөтөлбөрт ашиглана. “Artemis нь Сар луу сансрын нисэгчдийг дахин илгээх зорилготой билээ.

Related news