АРХАНГАЙ: Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд нь зудын эрсдэл их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-16 11:59:52

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зургаас үзвэл тус аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд их эрсдэлтэй, 15 хувь орчимд нэн их эрсдэлтэй, 14 орчим хувьд нь дунд, 1 хувь орчимд хамгийн бага эрсдэлтэй гарчээ.


Аймгийн 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээгээр нутгийн 60 гаруй хувьд 1-3 дахин хэтэрч гарсан, 11 дүгээр сарын эхний өдрүүдэд цас ахиу орсон, температурын хувьд өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, хүйтэн жиндүү, салхи ихтэй, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан зэрэг нь өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байна.


Цасны дундаж нягт Хангай, Чулуут, Булган, Өгийнуур, Цэцэрлэг сумаар 0.12-0.14 г/см3, Өлзийт, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Жаргалант сумдаар 0.15-0.16 г/см3, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан сумдаар 0.17-0.18 г/см3, Хотонт, Цахир сумаар 0.19-0.20 г/см3 байна.


Цаашид хүйтний улирлын төлвөөр олон жилийн дунджаас 12 дугаар сард баруун, баруун хойд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байхаар байна. 

Related news