Өвөрхангай аймгийн Төв номын сан 70 жилийн ойгоо маргааш тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-22 07:56:18

Өвөрхангай аймагт Төв номын сан байгуулагдаад 70 жилийн нүүр үзэж байна. Тус байгууллагын ажилтнууд ойн баяраа энэ сарын 23-ны өдөр номонд дуртай бүх хүмүүсийн хамт Аюуш баатарын талбайд тэмдэглэх юм.

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үлгэрийн баатар амилсан нь” дүрийн тоглолт, гар зургийн уралдаан, иргэдийн дунд “Ургийн бичгийг хэн сайн хөтөлж байна вэ?” уралдааныг тус тус зохион байгуулна.

Мөн өнгөрсөн 2 сараас нийт сурагчдын дунд зарласан “Миний номын өргөө” ном унших уралдааны дүнг гаргаж, тэргүүний ном уншигч хүүхдийг шалгаруулах ба иргэдийн дунд ургийн бичгийг хөтлөх тухай сургалт явуулна.

Тус байгууллага 2014 онд ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит болж, түүний үр хүүхдүүд, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран Д.Пүрэвдоржийн хөшөөг босгож байсан юм. Баярынхаа нээлтийг уг хөшөөнд цэцэг өргөж, яруу найрагчдын бэсрэг наадмаар эхлүүлэх аж.

1946 онд байгуулагдаж, хүүхэд, залуучууд, иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсээ 70 жилийн турш үргэлжлүүлж байгаа Төв номын сангаар үйлчлүүлэх хүний тоо жилээс жилд өсч, өнгөрсөн жил гэхэд 20 мянган уншигч номын үйлчилгээ авчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news