Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цахим B2B платформыг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын төвийн үйл ажиллагааг таниулах, тэдэнд зориулсан “Women Owned” тохирлын тэмдгийг нэвтрүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг нээх гэсэн гурван үйл ажиллагаа зэрэг боллоо.
Энэ талаар бид
МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалангаас тодруулав.
Тэрбээр хэлэхдээ, “SheTrades Mongolia Hub” буюу Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын төв нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн худалдааны төвийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бий болсон төв юм. Энэ төвийн Монгол дахь салбарын үйл ажиллагааг бид өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ таниулж байна. Энэ төвөөр дамжуулан манай Монголын эмэгтэй бизнес эрхлэгч, бизнес эрхлэх гэж буй эмэгтэйчүүд бүх төрлийн сургалт болон чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг онцлон хэллээ.
Мөн тэрбээр, бид өөрсдийнхөө бизнесийг олон улсад танилцуулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хооронд нь холбох зэргээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. “SheTrades Mongolia Hub” манай улсад өнгөрсөн зургадугаар сард байгуулагдаж, түүнээс хойш нийт 20 шахам эмэгтэй бизнес эрхлэгч сургалтад хамрагдаж, нэг эмэгтэй олон улсын гар урлалын үзэсгэлэнд, бас нэг эмэгтэй ноолуурын олон улсын үзэсгэлэн худалдаан тус тус оролцохоор болжээ. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд энэ мэт олон боломж гарч ирж буй учир бид аль болох олон эмэгтэйг хамруулах үүднээс өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна хэмээн хэллээ.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн
төвийн оролцогч “Жасү” брэндийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан:
-Би “Бизнес эрхлэгч
эмэгтэйчүүдийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн хоёр дахь төгсөгч. Анх төвд
бизнесээ эрхлүүлэх хүсэл зорилгоор төслийн санаатай ирж байлаа.
Манайх Монгол орны уламжлалт эсгий бүтээгдэхүүн болон модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Одоо үйл ажиллагаа өргөжиж бүтээгдэхүүнээ борлуулдаг гурван дэлгүүртэй болж, БНХАУ, Япон, Герман зэрэг 2-3 оронд экспортод гаргаж байна. Манай монгол хонины ноос бусад улсын хонины ноосноос дулаанхан, “цагаан алт” гэж нэрлэдэг, гар ажиллагаа их шаарддаг ч олон улсын зах зээлд өндөр үнэлгээтэй байдаг гэв.
“Хайнаг толгойт”
хоршооны тэргүүн Г.Гэрэлцэцэг:
-Анх 2016 онд “Бизнес
эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” байгуулагдаж байхад нь шалгаруулалтад ороод тэнцэн
гишүүн болж байсан. Манайх арвайн гурил хийдэг. Арвайн гурилаа сав, баглаа боодолтой
нь хослуулан уламжлалт савтай нь худалдаанд гаргаж байгаа. Мөн оёдол, гутал хийдэг.
30-аад төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна гэв.
“Women Owned” тохирлын тэмдгийн хувьд үүнийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, МҮХАҮТ, “Голомт” банкнаас хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгож буй худалдааны болон санхүүгийн хөтөлбөрүүдэд оролцох боломжийг олгож буй “эрх” аж. Нэг ёсондоо тухайн хүнийг эмэгтэй бизнес эрхлэгч гэдгийг тодорхойлж буй тэмдэг юм байна.
Өнөөдөр нээж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформын хувьд энэ нь эмэгтэйчүүд бизнесийн мэдээллээ хоорондоо солилцох, бүтээгдэхүүнээ борлуулж таниулах, туршлага солилцож хуваалцах, бие биенээсээ суралцах, худалдан авалт хийх зорилготой аж.