OpenAI компани GPT-4 Turbo-г танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2023-11-07 11:28:51

САН-ФРАНЦИСКО, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /CNBC/. Америкийн OpenAI компани Калифорни муж улсын Сан-Франциско хотноо даваа гарагт зохион байгуулсан программ хөгжүүлэгчдийн анхны бага хурлынхаа үеэр хиймэл оюун ухааны GPT-4 системийн шинэчлэн сайжруулсан загвар болох Turbo-г танилцууллаа.


“Бид энэ оны гуравдугаар сард GPT-4-ийн анхны хувилбарыг гаргаж, долоодугаар сараас ерөнхийдөө бүх хөгжүүлэгчдэд ашиглах боломжтой болгосон. Харин өнөөдөр бид дараагийн үе болох GPT-4 Turbo-г танилцуулж байна” гэж тус компани мэдэгдсэн байна.


OpenAI-ийн мэдээлснээр, GPT-4 Turbo нь хоёр хувилбартай бөгөөд текстийг задлан шинжилдэг, текст болон зургийн аль алиных нь контекстийг ойлгодог хувилбаруудыг ойрын долоо хоногоос ашиглах боломжтой болно. Түүнчлэн программ хангамжийг ажиллуулахын тулд компаниуд ба хөгжүүлэгчдийн төлдөг төлбөрийг хямдруулсан байна. GPT-4-ийг 2021 оны есдүгээр сар хүртэлх вэб өгөгдөл дээр сургасан бол GPT-4 Turbo-ийн мэдлэгийн хязгаар нь 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл байх ажээ.


Сан-Францискод болсон OpenAI-ийн программ хөгжүүлэгчдийн нэг өдрийн бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун программ хөгжүүлэгч оролцож, шинэ хэрэгслүүдийг үзэж, санал бодлоо солилцжээ. 

Related news